ГХЯ “Монгол бичиг сурах сарын аян” эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-30 14:27:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам албан хаагчдынхаа дунд “Монгол бичиг сурах сарын аян эхлүүллээ. Хичээл ирэх сарын 2-ноос анхан болон ахисан шатны түвшнөөр үргэлжилнэ.

Монгол бичгийн галиг, дүрэм үзэж, уншиж бичиж сурсны дараа уран бичлэгийн хичээлийг 12, нэгдүгээр сард мэргэшсэн багшаар заалгахаар болжээ. Яамныхаа гадна хаягийг ч он гараад монгол бичгээр өөрчлөх аж. Түүнчлэн ирэх оноос Гадаад харилцааны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын нот бичгийг монгол бичгээр илгээх юм.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван аяныг нээж хэлэхдээ “Үндэсний үнэт өв соёл, улс орны нэгдмэл байдал, тусгаар тогтнолын баталгаа нь үндэсний бичиг үсэг юм. Босоо монгол бичиг бол бидний бусдаас ялгарах ялгарал. Энэ уламжлалт өвөө хадгалж, суралцаж, хэвшүүлж, өвлүүлэх хэрэгтэй. 1000 жилийн түүхтэй үндэсний монгол бичгээ нийтээр сэргээн хэрэглэх, Монгол Улсын гадаад харилцаанд өргөнөөр нэвтрүүлэх, сурталчлан таниулах, монгол бичгээр бичиж үлдээсэн үнэлж баршгүй арвин их түүхийн бүтээлийг судлах шаардлага тулгарч байна. Иймд төрийн байгууллагаас хамгийн түрүүнд дотоод нөөц бололцоогоо ашиглан “Монгол бичгийн сарын аян”-г манай яам эхлүүллээ. Ирэх жил Ардын хувьсгалын 100, орчин цагийн дипломат алба үүссэний 110 жилийн ой болно. ГХЯ-ны ажилтнууд ойгоо угтан монгол бичгээ сурах, сэргээн хэрэглэхийг үлгэрлэх нь зүйтэй. Шинэ Монгол Улс тусгаар тогтнолоо 1911 онд сэргээн мандуулахад байгуулсан анхны 5 яамны нэг нь Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яам байсан. Манай яам 1950-иад оныг хүртэл үйл ажиллагаандаа монгол бичиг хэрэглэж байсан нь түүхэн баримтаар нотлогддог. Иймд энэ ажлыг бид эхлүүлж, төрийн бусад байгууллагаа манлайлъя. Яамны төв архивт хадгалж байгаа монгол бичгээр үйлдсэн түүхэн, үнэт баримт материалыг судлах, эргэлтэнд оруулах, үйл ажиллагаандаа хэрэглэх нь бидний үүрэг. Цаашид ГХЯ-д ажилд орох хүний монгол бичгийн мэдлэгийг ч харах хэрэгтэй. ГХЯ 2021 онд ажилтан бүр монгол бичигтэй болохыг хүсч байна” гэлээ.

 

                                “Хүмүүн бичиг” сонин захиалан уншина

“Монгол бичиг сурах сарын аян”-ы хүрээнд ГХЯ-ны ажилчид ирэх сараас эхлэн Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас монгол бичгээр хэвлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонин захиалан уншина.

Мөн МОНЦАМЭ агентлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг улсын “Сайхан бичигтэн” шалгаруулах үйл ажиллагаанд ГХЯ идэвхтэй оролцохыг салбарын сайд тэмдэглэсэн юм. Үүнээс гадна ГХЯ ЮНЕСКО-той хамтраад монгол бичгийг дэлхийн соёлын өвд бүртгүүлэх зорилготойг Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Сэрээжав сарын аяны нээлтийн үеэр хэлэв.


Монгол бичгийн ахисан түвшний хичээл заах хөтөлбөрийн талаар ГХЯ-ны Хяналт-шинжилгээ, нэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан ярихдаа, “Монгол төрийн хөгжлийн талаар эрдмийн зэрэг хамгаалахдаа бичмэл эх сурвалжтай танилцсан үеэс монгол бичгийн гайхамшгийг мэдэрсэн. Монгол бичигт монголчуудын сэтгэлгээний мөн чанар оршдог. Ахисан түвшний хичээлдээ бидний өдөр тутмын ажил, амьдралд өргөн хэрэглэдэг 10 мянга орчим үгийг толь бичгээс түүвэрлэсэн. Компьютер дээр яаж бичихийг заана. Одоогоор монгол бичгийн арваад төрлийн бичмэл, дармал фонд байгааг олсон. Мөн монгол бичиг өнөөдрийг хүртэл ямар арга барилаар явж ирсэн талаар танин мэдэхүйн сонирхолтой мэдээлэл өгч, түүхэн болоод философи чанар, монгол бичиг сурахын ач холбогдлыг ярина. Монгол бичиг сурснаар ярьснаа шууд буулгадаг крил бичгийн сэтгэлгээний хэв шинжийг өөрчлөхөд нэмэр болно гэж найдаж байна” гэлээ.

Дэлхий дээр 600 гаруй монголч эрдэмтэн, 20 гаруй Монгол судлалын төв, монголыг сурталчилдаг 47 соёлын 47 элч бий. Олон улсын монголч эрдэмтдийн хурлыг 5 жилд нэг удаа зохион байгуулахад ГХЯ манлайлан оролцдог аж.

Холбоотой мэдээ