Монголын уран зургийн галерей 17 сор бүтээлээ 34 жилийн дараа шилжүүлэн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2020-10-27 20:11:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дүрслэх урлагийн музейгээс 17 сор бүтээлийг 1986 онд Төрийн тусгай хамгаалалтын харьяа Их тэнгэр цогцолбор руу шилжүүлж байжээ. Харин өнөөдөр буюу 34 жилийн дараа Ерөнхийлөгчийн өвлийн ордонд байрлаж байсан алтан үеийн бүтээлүүдийг мэргэжлийн байгууллагад нь эгүүлэн өгсөн түүхэн үйл явдал тохиолоо.


Дээрх 17 сор бүтээлээр маргааш буюу энэ сарын 28-наас ирэх сарын ирэх сарын 8-ныг дуустал үзэсгэлэн гаргах аж.


Энэ үеэр Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа хэлэхдээ, “Ерөнхий сайд У.Хүрэлсүх соёл урлагийн байгууллагуудын ажилтай танилцахдаа Монголын уран зургийн галерейд данстай эдгээр бүтээлийг сан хөмрөгт нь өгөх шийдвэр гаргасан нь эхнээсээ биеллээ олж байна. Монголын сор бүтээлүүд “төрсөн гэртээ”, ард түмэндээ ирж байгаа түүхэн үйл явдал болж байна” гэв.


МУУГЗ, Ахмад уран бүтээлч Г.Дунбүрээ, “Үе үеийн ахмад зураачдын шилдэг бүтээлүүд Уран зургийн галерейд ирж, үзэгч олны мэлмийг баясгах боллоо. Жишээ нь, Ардын зураач,Төрийн шагналт Д.Амгалан гуайн “Жаахан шаргын нутаг” бүтээл өнгөө алдаагүй хэвээрээ байна. Үзэгч олны сэтгэлд хоногшсон энэхүү бүтээл байх ёстой газраа, суурин дээрээ ирлээ гэж би бодож байна. Энэ зургийн агуулга нь “Суртлын бригад” хөдөө орон нутагт явж байгаа тухай юм. Уран сайханчид ард түмэндээ соёл урлагаа түгээж, гэрт болж буй үйл явдлыг хүүхэд залуучууд сонирхон байгааг харуулсан. Мөн өөрийн гэр бүлийн хүнийг бодит байдлаар нь харж, энэхүү бүтээлдээ уран сайхны аргаар мөнхжүүлсэн гэж зураач өөрөө ярьж байсан юм” хэмээв.


Дээрх 17 бүтээлд:


Ардын зураач, УГЗ А.Сэнгэцохиогийн 1962 онд нагтан буюу хар дэвсгэр дээр есөн эрдэнийн өнгөөр нарийн зураасаар шигтгэх аргаар зурсан “Хүрхрээ”.

МУУГЗ, Төрийн шагналт байгалийн нэрт зураач М.Цэмбэлдоржийн 1966 онд зурсан “Шаргын говь”.


Реалист аж байдлын сэдэвт уран зургийн нэр төлөөлөгч С.Рэнцэн гуайн “Цэцэрлэг хот” зураг


Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Наадам”.


Ардын зураач, Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, Монголын анхны мэргэжлийн зураач Л.Гаваагийн 1976 онд зурсан “ Газар”.


Монгол зургийн нэрт төлөөлөгчдийн нэг Ц.Даваахүүгийн 1972 оны бүтээл “Хөдөөгийн нэг өдөр” зураг багтаж байна.

Т.Билгүүн

Холбоотой мэдээ