Иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэхэд Канад улс хамтран ажиллаж байна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-10-27 14:52:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ  Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкофыг хүлээн авч уулзав.


Монгол Улсын гуравдагч хөрш, хамгийн том хөрөнгө оруулагч Канад Улстай уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд тэмдэглэв. Мөн төрийн албан хаагчдыг чадавхжуулах, жендерийн оролцоо, эрх тэгш байдлыг хангахад хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ.


Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх гээд ижил төстэй зүйл олонтой Монгол Улсын эдийн засгаа хөгжүүлж, тогтвортой хөгжлийг хангах зорилтыг дэмжиж байгаагаа Элчин сайд Кэтрин Ивкоф тэмдэглэв. Мөн дэлхий нийтийг хамраад байгаа "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэхээр Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллагуудын хийж байгаа ажил үр дүнд хүрч байгааг хэлэв.


Канад улс Монгол Улсад иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх, эрдэс баялгаас олсон орлогыг үр ашигтай зарцуулах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгааг дурдав. Уулзалтын үеэр худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, нэр бүхий салбаруудын хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, хөгжлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Холбоотой мэдээ