Ц.Гомбосүрэн:Монгол Улс НҮБ-д элссэн нь үнэхээр чухал үйл явдал байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dusem11@yahoo.com
2020-10-27 12:24:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн цээжинд орших Монгол Улс нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөн Бүрэн Эрхт улс болж байсан түүхэн үйл явдлыг эргэн дурсвал, тэртээ 59 жилийн өмнөх энэ өдөр НҮБ-ын индэр дээрээс Бүгд Найрамдах Монгол Ард Улс хэмээн царгисан сөөнгө хоолойгоор зарлан тунхагласан хүн бол БНМАУ-ын Гадаад явдлын яамны орлогч сайд Дондогийн Цэвэгмид агсан билээ.

Хожим нь Монгол Улс НҮБ-д элссэн ач холбогдлыг ГХЯ-ны сайд асан Ц.Гомбосүрэн: Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш гол тэмцсэн асуудал бол тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх байлаа. Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх гэж 25 жил болсон. ЗХУ 1921 онд Ардын засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн. 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Улсыг тунхагласан.
Харин 1924 оны 5 дугаар сард байгуулсан Орос, Хятадын харилцааны зарчмын тухай гэрээнд Монгол бол Хятадын салшгүй хэсэг гэж бичсэн байдаг. Энэ гэрээ 1946 он хүртэл хүчин төгөлдөр байлаа. Тэгэхээр ЗХУ, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь олон улсын эрх зүйн үүднээс үзэхэд тодорхой биш байсан юм. Харин Дэлхийн II дайны дараа 1945 онд дэлхий дахины байдал өөр болсон. Монгол Улс НҮБ-д элсэж тусгаар тогтнолоо дэлхийн хэмжээнд баталгаажуулна гэдэг үнэхээр чухал үйл явдал байсан хэмээн дүгнэж хэлсэн юм.



Түүхийн баримтыг сөхвөл, 1961 оны хуралдаанд Монголын улсыг төлөөлж Гадаад Явдлын Яамны орлогч сайд Д.Цэвэгмид тэргүүтэй Б.Жаргалсайхан, Б.Дашцэрэн, Б.Ванчиндорж зэрэг хүмүүс АНУ явсан байна. НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 16 дугаар чуулганы 1043 дахь бүгд хурлаар гаргасан 1630 дахь тогтоолд: 1961 оны 10 дугаар сарын 25-нд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхийг шийдсэн Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжийг хүлээн авч, мөн БНМАУ-ын гишүүнээр элсэхийг хүссэн өргөдлийг харгалзан үзсэний үндсэн дээр БНМАУ-ыг НҮБ-ын гишүүн болохыг зөвшөөрөв гэжээ. Тиймээ, 15 жил уйгагүй санал хүргүүлж байж манай улс НҮБ-ын 101 дэх Бүрэн эрхт гишүүн улс болсон түүхтэй. Дэлхийн II дайны дараа НҮБ дэлхийд шинэ дэглэм тогтоож, хүчний харилцааг зохицуулахад хамгийн чухал нөлөөтэй байгууллага болсон. Дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөж, олон улсын харилцаанд идэвхтэй оролцоход НҮБ-д элсэн орох зайлшгүй шаардлагатай болсон. Үүнийг монголчууд мэдэрч тус НҮБ-д элсэхийг зорьсон боловч тухайн үеийн хоёр том үзэл суртлын сөргөлдөөний улмаас уг хүсэл биелэхгүй 15 жил дуншсан. Манай улс 1946 онд НҮБ-д элсэх өргөдлөө өгснөөс хойш 1947,1948,1949, 1952, 1955, 1956, 1957 онд өргөдлөө дахин дэвшүүлж байжээ. Монгол Улсыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэх асуудлыг 1946-1961 оны хооронд Ерөнхий Ассемблейн чуулганаар нийт 13 удаа ямар нэг хэлбэрээр хэлэлцсэн байдаг.

Харин 55 жилийн өмнөх энэ өдрийг орчин үеийн Монголын түүхийн эргэлтийн үе гэж түүхчид дүгнэдэг. Манай улс олон улсын хамтын нийгэмлэгт элсэн орсон нь дуу хоолойгоо дэлхий нийтэд хүргэж, “цөлөгдмөл” байдлаас гарах түүхэн боломж нээгдсэн билээ.

Монгол Улс тухайн үеийн НҮБ-ын гишүүн 100 тусгаар улсаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулсан нь үнэлж баршгүй юм. НҮБ-д элссэнээс хойш олон улс оронтой дипломат харилцаа тогтоох боломж гарч ирсэн. Мөн НҮБ-д элссэнээр олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн улсын хувьд тус байгууллагаас тусламж дэмжлэг авах эрх бий болсон. 1963 оноос хойш манай улс НҮБ-аас 200 сая хол давсан ам.долларын тусламж тэтгэлэг, техникийн тусалцаа аваад байна. Эдүгээ НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагууд, сан, хөтөлбөрүүдийг төлөөлсөн 11 байгууллага Монгол Улсын тогтвортой хөгжил, ард иргэдийн ахуй амьдралыг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.

НҮБ-ын үйл ажиллагааны гурван тулгуур болсон хүний эрх, энх тайван, тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд Монгол Улс идэвхтэй оролцож байгааг НҮБ-аас онцолж байна. Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 1000 гаруй цэргийн албан хаагчдаа илгээж байгаа нь дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд хувь нэмрээ оруулж буй тод жишээ. Сүүлийн 18 жил Монгол Улс, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.

Холбоотой мэдээ