Япон улс дүрвэгсдэд 6 тэрбум долларын тусламж үзүүлнэ

Дэлхийд | Эдийн Засаг
sarnai@montsame.mn
2016-05-24 11:18:40

ИСТАНБУЛ. /NHK/. Турк улсад болж буй НҮБ-ын хүмүүнлэгийн асуудлаарх Дээд хэмжээний уулзалтад оролцож буй Японы төлөөлөгч үг хэлэхдээ "манай улс ирэх гурван жилийн хугацаанд 6 тэрбум орчим  долларын тусламжийг дүрвэгсдэд үзүүлнэ" хэмээн амлажээ.

Даваа гарагт Туркийн Истанбул хотод нээгдсэн уг Дээд хэмжээний уулзалт дээр Японы Ерөнхий сайд асан Ясүо Фүкүда "Ойрхи Дорнод болон Хойд Африк дахь дүрвэгсдэд Япон улс тусламж үзүүлэх болно" гэж тодруулан хэллээ.

Фүкүда хэлэхдээ "манай улс дүрвэгсдэд тусламжийн гараа сунгаснаараа тэдний зовлонг бага ч болов нимгэлж, өөрсдөө шинэ ирээдүйг бий болгох шинэ эрч хүчийг олж авахад нь тэдэнд тусалж байгаа хэрэг" гэжээ.

Японы тусламжийн багцад Ойрхи Дорнодын улсуудын 20 мянга орчим иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулах, иргэний дайны улмаас боловсрол эзэмшиж чадахгүй байгаа Сирийн 150 орчим хүүхдүүдийг хүлээн авч сургах зэрэг төсөл хөтөлбөрүүд багтжээ. Мөн Японы мэргэжилтнүүдийг дүрвэгсдийн лагериуд руу илгээхээр төлөвлөж байгаа аж.

Фүкүда цааш нь дурдахдаа "Япон улс дүрвэгсдэд илүү өргөн хүрээтэй тусламж үзүүлэх боломжтой" гэж онцлов.

Х.Сарнай



 

 

 

Холбоотой мэдээ