Ч.Лханаасүрэн:Шарваа хээрийг хангай нь таалаад босоогоор нь аваад явсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 11:14:14

Завханы Алдархаан сумын нэрийн хуудас болсон хурдан хүлэг Шарваа хээрийг унаж хурдлуулж асан унаач “хүүтэй” ярилцлаа. Түүнийг Чимиддоржийн Лханаасүрэн гэдэг. Өдгөө Алдархаан сумандаа аж төрдөг бөгөөд ах дүүсээрээ хамтран тэрхүү гайхамшигт хурдан хүлгийн хөшөөг босгож жил бүр уралдаан явуулдаг байна.  

-Сайн байна уу? Алдархаан сумын нэрийн хуудас болсон Шарваа хээрийг унаж хурдлуулж байсан юм байна. Хээр морины талаар манай уншигчдад ярьж өгөөч?
-Шарваа хээр бол манай хөгшин аав “буурал” Цэнд гэдэг хүний унаган адуу. Буурал Цэндийн хүү Чимэддорж гэдэг нь миний аав байгаа юм. 
-Хээр морийг чинь Ширнингийнх гэдэггүй билүү?
-Ширнэн гэдэг нь манай аавын эгчтэй суусан хүн байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай хүргэн ах. Хүргэн ахын хамгийн том хүүгийнх нь даахины үргээлэг дээр хөгшин аав хээр морины эхийг бэлэглэсэн юм билээ. Тэр гүүнээс Шарваа хээрээс гадна аавын маань хурдан халтар морь гарсан. Шарваа хээрийг бага насанд нь олигтой  уялгүй байж байгаад соёолонд нь уясан, аймгийн наадамд зургаалсан гэсэн. Тэгээд хойтон жил нь хавчиг болох үед нь Пүрэвжав ах  цэрэгт явчихаж. Пүрэвжав гэдэг нь Ширнэнгийн том хүү нь буюу эх гүүг нь бэлэгт авсан хүн. 
-Тэр жилээ хээр морь уягдаагүй юм уу?
-Тиймээ. Тэр жилээ  өнжөөд дараа жил нь хүргэн ах Ширнэн уяад аймгийн наадамд тавьсан нэлээд хойхнуур ирж. Тэгээд буцаж явахад нь Бавуужав гэдэг хүн таараад “чиний хээр моринд зургаан ханын мод, уньтай нь өгье” гэсэн юм гэнэ лээ. Тэр үед адуунд тийм өндөр өгч байгаагүй гэж хүмүүс ярьдаг юм. Тэгээд Ширнин ах өгөх дээрээ тулаад байж байтал манай аав таараад “өө энэ морь чи бид хоёрын ч мэдэх юм биш. Эзэн нь цэрэгт явчихсан. Хүүхдийн морь зарахгүй” гээд болиулсан юм билээ. Түүнээс хойш манай аав өөр дээрээ авч уядаг болж. Аав уясан эхний жилээ /1960 он/ ойр тойрныхоо наадамд 13 түрүүлгээд, аймгийн наадамд дахиад түрүүлгэж. 
-Тэр үед нэг жил тийм олон наадам болдог байсан юм болов уу? 
-Говь-Алтай аймгийн Баян-Уул, Жаргалан, Хөхморьт, Завхан аймгийн Цагаанчулуут, Шилүүстэй, Яруу, Эрдэнэхайрхан, Завханмандал, Дөрвөлжин зэрэг сумын наадам болон  бригадуудын өдөрлөг гээд 13 уралдаж, 13 түрүүлсэн гэдэг юм. Хээр морь тэгж олон түрүүлэхэд дүү халтар морь нь 13 удаа сүүлийг нь дэрлээд аман хүзүүдэж байж. Ингэж тэр олон наадамд нэг эхийн хоёр унага дундаа юм хийлгүй түрүүлж аман хүзүүдсэн гэж байгаа. Түүнээс хойш манай аав хээр морийг уяж аймгийн наадамд зургаа дараалуулж түрүүлгэсэн. Тийм их хурдан байх үед нь би нэг жил унаж аймгийн наадамд түрүүлгэж байлаа. Бусад үед нь манай дүү Чойжмаа голдуу унадаг байсан юм. Би болохоор халтар морио унана. Эрдэнэхайрханы хэдэн жилийн ч юм бэ дээ, ой болоод би халтар морио, дүү Чойжмаа Шарваа хээрийг унасан юм. Тэр үед нэгдлийн дарга нь Түмэнбаатар гэдэг хүн байлаа. Морьд эргээд Шарваа ганцаараа тасардгаараа тасарчихлаа. Тэгсэн газар мэдэхгүй хүүхэд нь хойшоо полины араар хадуураад  Түмэнбаатар гуай машинтайгаа хөөж оруулахад ес дээр би харин халтар морьтойгоо түрүүлчихсэн явсан. Барианд орох дөхчихсөн байсан болохоор хээр морь өнгөрлөө дөө гэж бодоод давхиж явтал юу юугүй дор нь гүйцээд миний хажуугаар шурдхийгээд л гараад давхичихсан. Тэгээд л ахиад түрүүлж байлаа. Тэр үед Шарваагаа үнэхээр жишиггүй хурдан ажнай юмаа гэдгийг мэдэрсэн дээ. Шарваа хээр Алдархааны төдийгүй залгаа аймгуудад Завханы нэрийг олон гаргасан адуу. 
-Хээр морь аймгийн наадамд зургаа түрүүлсэн юм байна. Өөр наадмуудад яаж давхисан бэ?
-Манай аавыг уяж байх үед 24 түрүүлсэн морь байна лээ. Бригадын өдөрлөг, сонгууль, сумын наадам, аймгийн наадам, тойрсон хэдэн сумдын наадам гээд. Би сүүлд нь нэг жил уяад сумынхаа наадамд дөрөвт давхиулж байсан. Түүнээс  бусдаар айрагдаж үзээгүй, дандаа л түрүүлдэг байсан адуу. Дөрвөөр нь давхисных дараа жил даагатай уралдуулж зодог тайлж байсан.
-Хэдтэй зодог тайлж байсан гэсэн үг вэ?
-18-тай байсан байх. Тэгээд 20 хүрээд өөд болсон. Уягдаж байсан морь болоод тэр үү, хэврэгдүү болсон байсан. Би тэр үед нь  “Партизан Чойбалсан” нэгдэлд тракторын жолоочоор ажилладаг байсан юм. Тэгсэн манай дарга байсан Жанчив  гэж хүн “Шарваа хээр өтлөөд, муудчихаж гэнэ. Чи яваад ачаад аваад ир. Энд авчирч тэжээж онд оруулъя. Болохооргүй бол чихмэл ч гэсэн хийе” гээд намайг явуулсан юм. Тэгсэн алга болчихоод олддоггүй. Хайж ядаад олоогүй. Тэгээд очсон дарга “чи үгүй мөн бүтэлгүй хүн ээ. Аваад ирсэн бол чихмэл ч гэсэн хийхгүй юу” гээд тэгээд л өнгөрлөө. Тэгсэн хавар нь муу аав минь өнгөрөөд Элсний өвөрт нутаглуулчихаад, ээждээ хэд хоног дэм болж байгаад буцаж явтал манай нутгийн нэг хөгшин урдуур морьтой давхиж ирээд “нөгөө хээр морь чинь Бор хайрханы Дэндгэрийн марзан гэдэг газар үхчихсэн байна. Өрөөсөн талыг нь үнэг нохой идчихэж” гэсэн. Трактортой яваад очтол хээр морь босоогоороо үхчихсэн, өрөөсөн талынх нь гуяыг хээрийн амьтад идчихсэн байсан. 
-Хурдан сайн хүлгүүд л босоогоороо хальдаг юм шиг ээ. Ийм тохиолдлыг ганц нэгийг дуулж л байсан?
-Ханан хад ёроолдоод сандал шиг юман дээр урд хоёр хөлөө нугалж тавиад, хойд хоёр хөлөө хойш нь жийгээд хажуугаараа нөгөө хадаа түшээд харайх гэж байгаа юм шиг байрлалтайгаар өнгөрсөн байсан. Хангай дэлхий нь таалаад хагасалчихсан учраас толгойг нь өндөрхөн газар өргөчихөөд, аман хүзүүг нь аваад л ирсэн. 
-Шарваа гэдэг нь ямар учиртай нэр юм бэ?
-Унахад сүүлээ даялаад, ороолгохоор хааяа шарваад байдаг байсан юм. Уралдааны үеэр барианд дөхөж ирээд хүүхэд нь ганц хоёр гууглаад, ороолгоход сүүлээ дээш нь 2-3 хаяад л хурдаа улам нэмдэг адуу байсан юм. Тэгээд л түүгээр нь Шарваа хээр гэдэг болсон байх. Энэ нэр чинь олон түмний өгсөн алдар шүү дээ. 
-Хөшөөг нь босгож мөнхжүүлсэн юм байна? 
-Тэгсээн. Энэ нутгийн ард түмэн “чи амьд сэрүүн байгаа дээрээ хээр морины хөшөөг босгооч. Чамаас хойш хийх хүн байхгүй. Тэгж байгаад тэр хурдан хүлгийн талаар мэдэх хүнгүй болно” гэдэг байсан юм. Түүнийх дагуу би 2012 онд ах дүү нартайгаа ярьж саяын та бүхний үздэг хөшөөг босгуулсан. Яахав мэргэжлийн уран барималч хийгээгүй учраас жаахан учир дутагдалтай л болсон байх. Гэхдээ нутаг орныхон маань энэ үйлсийг талархан хүлээн авсан. Тиймээс ч бэсрэг наадмыг жил бүр хийдэг болсон.  

Завхан Б.Мягмарсүрэн


 

Холбоотой мэдээ