Монгол брэндийг Европын зах зээлд гаргах талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-10-23 17:01:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд сайд З.Мэндсайхан “Монгол Улс болон Европын Холбоо нь улс төр, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, хүмүүнлэг тэр дундаа Монгол Улсын ХАА-н салбарт гаргаж буй хувь нэмэрт нь талархал илэрхийлж, хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн хөгжлийн тулгуур салбар хэмээн тодорхойлж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад экспортын чиг баримжаатай хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг” онцлов.


Уулзалтын үеэр худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон ХАА-н салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс хүнсний органик Монгол брэндийг бий болгон Европын зах зээлд гаргах, Евро стандартыг нутагшуулахад техник туслалцаа авах, арьс ширний үйлдвэрлэлийн салбарт өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, Монгол Улсад арьс ширний үйлдвэрийн техникийн үйлчилгээ, технологи дамжуулах төвийг байгуулахад дэмжлэг үзүүлэх, Увсын чацаргана, зөгийн бал зэрэг онцлох бүтээгдэхүүнийг газар зүйн заалттай жагсаалтад оруулж, Европын зах зээлд экспортлох талаар харилцан санал солилцов. 

Уулзалтад Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Элчин зөвлөх Марко Фэрри, Хамтын ажиллагаа хариуцсан дарга Пьер Ив Люка, улс төрийн ажилтан М.Ганчимэг болон ХХААҮЯ-ны сайдын зөвлөх Д.Бадарч, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун нар оролцов.


Холбоотой мэдээ