М.Батболд: Магадгүй “Фауст” жүжгийг 100 жилийн дараа тоглоход ч хуучрахгүй

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-10-21 17:24:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын театр урлагийн хөгжлийг шинэ түвшинд гаргахад зорилготой "Альфа" постдрамын театр үүдээ нээхэд бэлэн болжээ.

Тодруулбал, мэргэжлийн найруулагч, уран бүтээлийн баг хамт олны үүсгэн байгуулсан тус театр Германы алдарт зохиолч И.В.Гётегийн "Фауст" жүжгээр нээлтээ хийх гэж байна.

Дэлхийн сонгодог жүжгийн ноён оргил, тулгын гурван чулуугаар У.Шекспирийн "Гамлет", М.Сервантисын "Кихот ноён", И.В.Гётегийн "Фауст"-ыг нэрлэдэг. Тэгвэл “Фауст” жүжгийг ОХУ-ын Театр урлагийн академи (ГИТИС)-ийг драмын найруулагч мэргэжлээр дүүргэсэн М.Батболд шинэчилсэн бүрэлдэхүүнээр дахин найруулан тавих юм.

Германы зохиолч, сэтгэгч, гүн ухаантан, натуралист, төрийн зүтгэлтэн И.В.Гёте эл жүжгийн зохиолыг туурвихад амьдралынхаа 60 жилийг зарцуулсан гэдэг. Тэрбээр энэхүү жүжгээ олны дунд их түгсэн Фауст гэх эрдэмтний тухай герман ардын домгоос сэдэвлэжээ.

Тус жүжгийн ерөнхий продюсерээр Т.Ганболд, зохиолч орчуулагчаар МУУГЗ Н.Пүрэвдагва, ерөнхий зураачаар МУУГЗ Г.Ганбаатар ажилласан бол, гол дүр Фаустад Ардын жүжигчин Г.Мягмарнаран, МУСТА С.Болд-Эрдэнэ, Мефистофельд МУСТА Т.Бархүү болон залуу уран бүтээлчид тоглох юм.

Постдрамын театр нь сэтгэлгээ, мэдрэмжийн гоо сайхан, логикийн гүн нарийвчилсан түвшний шийдэл бүхий уран яруу илэрхийлэмжийн төгс нийлэмжийг хүний сэтгэлзүй, далд ухамсрын анализ ухагдахуунд тулгуурлан дээд мэдрэмжид шууд нөлөөлж, оюун сэтгэлгээний ертөнцийг чөлөөлөхөд чиглэдэг. Энэхүү жүжгээс нийгэм дэх төрөл бүрийн үзэгдэл, хайр дурлал, амьдралын утга учир, хүн өөрийгөө олох, ойлгох, хэн бэ гэдгээ мэдрэх олон шийдлийг олж харж болно гэдгийг уран бүтээлчид онцолж байна.

Жүжгийн ерөнхий продюсер Т.Ганболд: Дэлхийн театрын хөгжлийн чиг хандлага цаг хугацаагаа даган хувьсаж, залуусын сэтгэлгээ, мэдрэмжийн хурд улам өссөөр орчин үеийн нийгэм нэн шинэ үеийн театрыг үгүйлж байна. 1990 оноос хойш олсон ардчилал, урлагаар дамжсан эрх чөлөөг бид өөрсдийнхөө оюун ухаанд дэлхийн хүн төрөлхтөнтэй мөр зэрэгцэн сэтгэж, зөв амьдрахын төлөө боломж, орон зайгаа ашиглаж нийгэмд эергээр нөлөөлөхийн төлөө энэхүү театрыг байгуулсан юм. Театрын хөгжил өрсөлдөөндөө оршдог. Тиймээс манай улсад шинэ театр олон байгуулагдаж, өөр өөрийн урсгал хэв маягаар өрсөлдөөнийг бий болгон түүгээрээ үзэгчдийн соён гэгээрэл, оюун санаа, сэтгэлгээний түвшинг дээшлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Зохиолч зохиолоо 300 жилийн өмнө бичсэн ч өнөөгийн манай нийгмийн бодит амьдралтай яв цав таарч байгаа нь гайхалтай юм.


Ерөнхий найруулагч  М.Батболд: Театр бол мэдрэмжийг мэдрэмжээр дамжуулж мэдрэмжид хүргэдэг өвөрмөц нэгэн ертөнц юм. Германы агуу сэтгэгч И.В.Гёте “Фауст” зохиолоо 60 жилийн туршид ирээдүйн тухай зөгнөж бичсэн байдаг. “Фауст” жүжгийг магадгүй 100 жилийн дараа тоглоход ч хуучрахгүй. Энэ удаад шинэ илэрхийлэмж, шинэ техник технологийн дор постдрамын чиглэлээр найруулан тавьж буйгаараа онцлогтой. Постдрам гэдгийг шинэ драм, орчин үеийн драмын жүжиг гэж ойлгож болно. 


Тус жүжиг 2020 оны 11 дүгээр сарын 6-8-нд “The Corporate hotel&Convention centre”-д үзэгчдийн хүртээл болно. Тасалбар нь 100, 120 мянган төгрөгийн үнэтэй байх аж.


Холбоотой мэдээ