АХБ Ази тивийн залуучуудын дунд дүрс бичлэгийн уралдаан зарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-23 16:17:02

МАНИЛА. /Adb/. Үзэж, сонирхохоор товлосон газар гэхээсээ илүүтэй тийшээ хэрхэн хүрэх нь тухайн аяллын хамгийн сонирхолтой хэсэг байдаг. Гэтэл Ази тивийн ихэнх бүс нутагт замын түгжрэл, агаарын бохирдол, үйлчилгээний урт дараалал, зам тээврийн сүлжээ муу зэрэг хүндхэн асуудлууд тулгардаг билээ. Эдгээрээс болж зарим зорчигчид хүссэн газартаа хүрч чадалгүй буцдаг тохиолдол олон бий.

Харин Азийн Хөгжлийн банк /АХБ/ энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор хүүхэд залуучуудын дунд “Бид тэнд хараахан хүрээгүй байна уу? Ирээдүйн тогтвортой тээврийн төлөөх бидний аялал” нэртэй дүрс бичлэгийн уралдаан зарласан байна. Есдүгээр сарын 12-16-нд Филиппиний нийслэл Манила хотод болох АХБ-ны Зам тээврийн асуудлаарх тавдугаар чуулга уулзалттай энэ уралдаан цаг хугацааны хувьд давхцаж байна.

Уг уралдаанд оролцогчид нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангах, байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй, боломжийн өртөгтэй тээврийн сүлжээг бий болгоход хувь хүн, баг хамт олон хэрхэн оролцох боломжтойг харуулсан богино хэмжээний дүрс бичлэгийг өөрийн биеэр хийх ажээ. Хүмүүс ногоон тээврийг ашиглан хүрэх гэсэн газартаа аюулгүй, хурдан шуурхай хүрэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ гэдэг санааг дүрс бичлэгийнхээ гол сэдэв болгох хэрэгтэй.

АХБ-ны гишүүн бүх орнуудын 18-25 насны залуучууд  энэ уралдаанд оролцох эрхтэй бөгөөд нэг оролцогч хэдэн ч дүрс бичлэг илгээж болно. Уралдааны төгсгөлд Шүүгчдийн сонгосон санаа, Иргэдийн сонгосон санаа гэсэн ангилалд хоёр ялагчийг тодруулж, тэдний бүх зардлыг даан, Манила хотод болох Зам тээврийн чуулга уулзалт оролцуулах ажээ.

Харин оролцогчид энэ уралдаанд оролцохын тулд бүртгэлийн хуудсыг АХБ-ны цахим хуудаснаас татан авч бөглөөд, өөрийн дүрс бичлэгээ “YouTube.com”, “Vimeo.com”, “Youku.com” цахим хуудсанд оруулна. Мөн өөрийн дүрс бичлэгээ “#ADBAreWeThereYet” хаштагтайгаар фэйсбүүк болон твиттер хуудсанд шэйр хийх хэрэгтэй ажээ.

Бусад дэлгэрэнгүй мэдээллийг АХБ-ны цахим хуудаснаас авах боломжтой. Оролцогчид өнөөдрөөс эхлэн 2016 оны наймдугаар сарын 12 хүртэл дүрс бичлэгээ дээр дурдсан цахим хуудаснуудад оруулах ёстой.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ