Б.Мухтар: Нэг тонн усны үнэ 0,5 литр савласан цэвэр усны үнэтэй адил байгаа нь харамсалтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-09 19:11:58

             Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний «Суат» компани энэ сарын 9-ний өдөр Өлгий хотын тов талбайд «Хэрэглэгчээ сонсоё» нээлттэй хаалганы өдөрлөг хийв. Энэ үеэр Өлгий хотын цэвэр усны хангамж, чанар, хүртээмжийн асуудлаар тус компанийн ерөнхий инженер Н.Мухтартай ярилцлаа.

Хэрэглэгчээ сонсох өдөрлөг зохион байгуулж байгаа юм байна. Өдөрлөгийн зорилго, ач холбогдлын талаар мэдээлэл өгөхгүй юу.

- Монгол Улсад нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулан өдөрлөг хийж байна. Гол зорилго маань байгууллагын үйл ажиллага, бүтэц зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөх, үйлчилгээний үнэ тариф, чанарын талаарх хэрэглэгчдийн санал, гомдлыг шуурхай хүлээн авч шийдвэрлэх, төлбөр тооцоог шуурхай барагдуулах, төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, урамшуулах, «цэнхэр алт» хэмээгддэг усны зохистой хэрэглээг олон нийтэд сурталчилах юм.

Манай аймгийн иргэд цэвэр усыг хэр ариг гамтай хэрэглэж байна?

- Ус бол стратегийн бүтээгдэхүүн. 2025 оноос дэлхий даяар цэвэр усны хомстолд орж эхэлнэ гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулж байгаа. Гадаадын орнуудад ундны ус бензин, шатахуунаас үнэтэй. Тийм учраас цэвэр усыг хэмнэх, үр ашигтай ашиглах нь хамгийн том тулгамдсан асуудлын нэг. Өнөөдөр бид ундны усыг ахуйн хэрэглээнээс гадна машин угаахад, барилгад, үйлдвэрийн газарт үр ашиггүй хэрэглэж байна. Ийм байж болохгүй. Манай дэлхийн 70 хувь нь усаар бүрхэгдсэн хэдий ч зөвхөн 2.5 хувь нь цэнгэг ус юм. Монгол Улсад сүүлийн 60 жилд усны хэрэглээ 8 дахин нэмэгдсэн. Бид ирээдүйгээ, үр хүүхдээ бодож ундны усны зохистой хэрэглээг өнөөдрөөс бий болгох зайлшгүй шаардлага байна.

Одоо төвлөрсөн шугамаас ундны усаа хангадаг хэдэн хэрэглэгч байна?

- Аж ахуйн нэгж 191, албан байгууллага 51, орон сууц, айл өрхүүдтэй нийлээд 2036 хэрэглэгч байгаа. Аймгийн төвийн нийт хүн амын 24 хувийг ундны усаар хангадаг.

Сард хэдий хэмжээний ус хэрэглэж байна?

- Одоогийн байдлаар сард 3500-4000 м3 усыг хэрэглэгчдэд хүргэдэг. Хэрэглэгчдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж байгаа.

Аймгийн төвийн багуудад жил бүр тодорхой хэмжээгээр цэвэр усны шугам татаж байгаа. Тухайн шугамыг ард иргэд өдөр тутмын амьдралдаа ашиглаж байна?

- Манай аймагт нэг онцлог байдаг. Айл болгон хашаандаа энгийн гар худагтай. Өнгөрсөн онуудад Өлгий сумын 1, 2, 5, 8, 11 зэрэг багуудын нутаг дэвсгэрт 6,5 км шугам татсан. Харамсалтай нь хажуудаа байгаа цэвэр усны шугамыг гэртээ холбоосон айл маш цөөн.

Айл өрхүүд төвлөрсөн шугамаас яагаад ус авахгүй байгаа бол?

- Санхүүгийн боломжгүй гэж хэлдэг. Тийм учраас орон нутгийн төсөвт тодорхой тооны айл өрхийг цэвэр усны шугамд холбох зардлыг жил бүр тусгаж байх санал гаргаад байна. Цаашид аймгийн төвийн бүх айл өрхүүдийг төвлөрсөн шугамд холбох ёстой.

Гудамж дундуур татсан цэвэр усны гол шугамд айл өрхүүдийг холбоход хэр их зардал гардаг вэ?

- 15-20 метр газраас шугам татлаа гэхэд ойролцоогоор 600 мянгаас 1 сая төгрөгийн зардал гарахаар байна.

Аймгийн төвийн барилга байгууламж, орон сууц, айл өрхүүдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж байна. Танай байгууллага одоогийн хүчин чадлаараа ирэх жилүүдэд хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж чадах уу?

- Хангаж чадна. Гэхдээ бид 1986 онд ашиглалтад орсон тоног төхөөрөмжөөр ажиллаж байгаа. Өнөөдөр бид ХХІ зуунд амьдарч байна. Тоног төхөөрөмж, технологи хөгжсөн. Хүчин чадлыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн нэмэгдүүлэх шаардлагатай.

Баян-Өлгий аймгийн ард иргэдийн хэрэглэж байгаа усны үнэ тариф бусад аймгуудтай харьцуулахад ямар түвшинд байгаа вэ?

- Айл өрхүүдэд 1 литр усыг 0,45 мөнгөөр, албан байгууллагуудад 1,8 төгрөгөөр өгдөг. Харин цэвэр усаар хангах ажлын бодит өртөг нь 17 төгрөг байгаа. Усны тарифыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс баталж өгдөг. Манай аймгийн хувьд улсын хэмжээнд хамгийн хямд тарифтай. Нэг тонн ус 0,5 литр савласан цэвэр усны үнэтэй адил байгаа нь харамсалтай.

Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан Гадаргын болон бохир усны чанарын тоймоос харахад цэвэрлэх байгууламжийн бохир усны перманганатын исэлдэх чанар зөвшөөрөгдөх дээд агууламжаас 1.5 дахин  давсан байна. Энэ юутай холбоотой вэ?

- Ахуйн бохирдлын хэмжээ тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа. Яагаад вэ гэвэл, үйлдвэр, үйлчилгээ, машин угаах газрууд маш их хэмжээний химийн найрлага бүхий ариутгалын бодисууд ашиглаж байна. Түүнээс гадна манай цэвэрлэх байгууламжид механик биологийн цэвэрлэгээ байхгүй, зөвхөн байгалийн цэвэрлэгээ хийх боломжтой.

Баян-Өлгий аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудал олон жил яригдлаа. Энэ ажил одоо ямар түвшинд байна?

- 2015 онд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг манай аймагт ажиллах үеэр уг асуудлыг танилцуулж, концессын гэрээгээр барихаар болсон. Гэвч засаг солигдоод энэ ажил бүтээгүй. Дараа нь 2017-2018 онуудад Польшийн Засгийн газрын хөнгөлөлттэй зэлээр барихаар болсон ч бодит ажил болоогүй. Орон нутгийн удирдлагууд цэвэрлэх байгууламж барих асуудлыг Засгийн газарт байнга тавьж байгаа. Саяхан УИХ-ын дарга Г.Занданшатар  ирэхэд бас танилцуулсан.

- Цэвэр усны хангамжтай холбоотой анхааруулж хэлэх зүйл юу байна?

- Ундны усаар хангах ажил энгийн мэт харагдах боловч, бодит байдал дээр их нарийн байдаг. Тодруулж хэлэхэд, цэвэр усыг эхлээд өргөх станцад олборлоод, өндөр технологиор ариутгал, халдваргүйжилт хийнэ. Дараа нь өндөр даралтын шахуургаар шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчдэд хүрдэг. Манай аймгийн төвийн усан хангамж, ариутгах татуургын тоног төхөөрөмж, шугамын насжилт өндөр. Яаралтай техник технологийг шинэчлэл хийх шаардлагатай. Өргөх станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Аливаа бүтээн байгуулалтын ажил хийхээс өмнө инженерийн шугам сүлжээний асуудлыг зөв, оновчтой тооцоолж, шийдэх ёстой. Хэдийд ч эрсдэл гарч болно. Тийм учраас энэхүү онцгой салбарт төр засаг, орон нутгийн удирдлагын зүгээс байнга анхаарал хандуулж ажиллах шаардлагатай гэдгийг хэлмээр байна.

 

Холбоотой мэдээ