Барилгын материал үйлдвэрлэлийн улсын зөвлөгөөн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-10-05 17:15:22

Архангай /МОНЦАМЭ/. Төрөөс барилгын салбарын талаар баримталж буй “Барилгын материал, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах” зорилгын хүрээнд Барилгын материал үйлдвэрлэлийн салбарын улсын зөвлөгөөнийг Архангай аймагт өнөөдөр зохион байгуулж байна.

Зөвлөгөөнөөр барилгын салбарт 2020-2024 онд авч хэрэгжүүлэх бодлого, барилгын материалын чанарт тавигдах шаардлага, анхаарах асуудал, үйлдвэрлэлд тулгамдаад байгаад асуудал, барилгын хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг асуудлаар илтгэл тавих юм. Монгол Улсын хэмжээнд 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар Барилгын материалын тусгай зөвшөөрөл нь хүчинтэй 522 аж ахуй нэгж байна. Үүнээс Улаанбаатарт 368, 154 нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа юм. Барилгын материалын гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс арматурын 14 үйлдвэр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсад арматурын хэрэгцээ 2012-2020 оны байдлаар дундаж үзүүлэлтээр жилийн хэрэгцээ 200 мянган тонн байдаг аж. 2019 оны байдлаар нийт хэрэгцээний 40 хувийг дотооддоо үйлдвэрлэж байсан бол 2020 онд COVID цар тахлаас шалтгаалан нэг үйлдвэр үйл ажиллагаа явуулж, нийт хэрэгцээний таван хувийг хангажээ. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Тэргүүн дэд захирал Б.Ганболд, дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Энхболд, Дэд захирал М.Ибрай болон бусад албаныхан мөн 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, 21 аймгийн барилгын материал үйлдвэрлэгчид гээд нийт 250 гаруй хүн зөвлөгөөнд оролцож байгаа юм.  

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, "1990-ээд он хүртэл тус аймгийн Барилга угсралтын трест 1000 гаруй ажилчинтай, аймагтаа төдийгүй бүсийн аймгуудад очиж барилга барьдаг. Барилгын ихэнх материалаа орон нутагтаа үйлдвэрлэдэг байлаа. Үүнийг сэргээн хөгжүүлэх бүрэн боломжтой" гэдгийг хэлсэн үгэндээ онцолж, барилгын яамны удирдлагуудыг анхааралдаа авч, Архангай аймагт барилгын материалын үйлдвэрлэл хөгжүүлэхэд бодлого үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Холбоотой мэдээ