Төв аймгийн баруун болон хойд чиглэлийн авто замд халтиргаа гулгаа ихтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-10-03 19:49:01


Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн нутаг дэвсгэрт үргэлжлэн орсон цасны улмаас баруун болон хойд чиглэлийн авто замд халтиргаа гулгаа үүсч иргэд хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангаагүй хол замд зорчсоноос болж засмал замын хажуу руу гулсаж орох, зуны дугуйтай зорчсоны улмаас халтирч гулган хоорондоо мөргөлдөх зэрэг дуудлага мэдээллүүд Онцгой байдлын газар болон Цагдаагийн байгууллагад  иргэдээс ирсээр байна. 

Тодруулбал есдүгээр сарын 30-ны өдрөөс энэ сарын 3-ны өдрүүдэд тус аймгийн баруун сумд болох Лүн, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Бүрэн чиглэлийн автозам, хойд сумд болох Баянчандмань, Жаргалант, Борнуур, чиглэлийн замд зорчих нөхцөл халтиргаа гулгаа ихтэй байгаа тул иргэд та бүхэн хол замд зорчихдоо машин техникийн дугуйг өвлийн дугуйгаар солих, хувийн бэлтгэл бэлэн байдлыг сайтар хангаж (хүрз, дугуйны бэхэлгээ, татлага, дулаан хувцас бэлтгэх зэргээр) хол замд зорчихыг аймгийн Онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

Мөн цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээг иргэдэд хүргэсээр байтал портер маркийн автомашинтай баталгаагүй замаар зорчин замын хажуу руу орох, цас, шаварт суух болон 40 тоннын том оврын автомашинтай хөдөлгөөнд оролцон хол замд зорчихдоо замын хажуу руу цөмөрч орох, цас, шаварт суух зэрэг хувийн бэлтгэл бэлэн байдлыг бүрэн  хангаагүйн улмаас хүндрэл үүсгэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсээр байгааг аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Тиймээс том оврын автомашин цас, шаварт суусан тохиолдолд сум, орон нутагт түүнийг чирч гаргах боломж, нөхцөл бага учир цаг агаарын хүндрэлтэй нөхцөл үүссэн үед хол замд зорчихгүй байхыг анхаарууллаа. 


          

Холбоотой мэдээ