Хөдөлмөрийн зах зээл

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2020-09-29 18:03:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн зах зээлийн тухайд гэвэл нийгэм эдийн засгийн харилцаа нөгөөгөөр солигдсон 1990 оноос хойш бий болсон шинэ зүйл. Гэхдээ түүнээс өмнө хөдөлмөрийн тухай ойлголт байгаагүй гэсэн үг биш. Түүнээс өмнөх хөдөлмөрийн харилцааны зохицуулалт, ойлголт өөр байжээ. Тухайн зах зээл нь одоо цалинжуулалттай холбоо бүхий нийгмийн харилцааны тогтолцоо болон хувирсан байна. Энэ зах зээлийн нийлүүлэлт ажиллах хүч, ажил авагч, эрэлт нь аж ахуйн нэгж, ажил олгогч болно. Нийлүүлэлт ба эрэлтийг зохицуулах зах зээл дээрх мэдээлэл болон боломжуудыг сайжруулахын тулд тодорхой байгууллага зэмсэг хэрэгслийг ашигладаг онцлогтой. Тухайлбал,  халамж үйлчилгээний газрууд, хөдөлмөрийн бирж, мэргэжлийн холбоо, сонин сэтгүүл ажил хайх, ажил олгох тухай мэдээллийг түгээх хэлбэрээр оролцоно. Түүнээс гадна төр, аж ахуйн нэгжүүд ажлын байрны сонгон шалгаруулалт зарлах хэлбэрээр оролцдог байх жишээтэй.


Эндээс хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэлт, эрэлтээс гадна төр томоохон оролцогч болохыг харж болно. Олон хүний хувьд хөдөлмөрийн харилцаа нь орлого  олох боломж, цорын ганц  эх үүсвэр нь бололтой. Ийм учраас нийгмийн эрэлт, захиалагчдын хүсэлтийг үндэслэн мэргэжилтэн (ажиллах хүчин) бэлтгэх, давтан сургах явдал гардаг. Харин захиалагч хамгийн өндөр мэргэжилтэнг буюу хамгийн бага зардалтайг нь сонгодог онцлогтой. Эндээс ажил эрхлэлтийн тухай ойлголт гарч ирнэ.  


Ер нь ямар ч нийгэмд бүх хүнийг ажлаар бүрэн хангах тухай ойлголт байхгүй. Ийм ойлголт байх ч боломжгүй гэж үздэг юм байна. Нийт хүн амын багахан хэсэг нь ажилгүй байх нь ердийн үзэгдэл гэж тооцдог юм. Тэрхүү ажилгүй хэсгийг ерөнхийд нь ажилгүйдэл гэж ойлгох боломжтой. Ажилгүйдлийн ердийн түвшин нь жирийн жам ёсны үзэгдэлд тооцогдож байх жишээтэй. Дэлхийн хөдөлмөрийн байгууллага, судлаачид ажилгүйдлийн түвшин 1-3 хувь байх нь хэвийн, 5-6 хувь байхыг ердийн гэж ангилдаг. Харин долоон хувиас дээш байвал ажилгүйдэлтэй гэж тооцдог  юм байна. Үндэсний стаитисткийн хороо (ҮСХ)-ны мэдээлийн санд  ажилгүйдлийн түвшинг 7,8 хувь гэж мэдээлжээ. Ажилгүйдэл үүсэх дөрвөн шалтгаан байдаг гэж үздэг юм билээ. Тэр бүхнийг тус бүрт нь авч үзье.


Иргэний шилжилт хөдөлгөөн тасралгүй явдаг онцлогтой. Энэ онцлог нь ажилгүйдлийг үүсгэдэг нэг дэх шалтгаан болдог. Хөдөөнөөс хот руу шилжвэл нэг ажлаас нөгөөд шилжих болдог. Амьдрах газар өөрчлөгдөж байгаа нь шинэ ажил хайх нөхцөл бүрдэнэ. Ийм төрлийн ажилгүйдлийн хэлбэрийг шилжилт хөдөлгөөний ажилгүйдэл гэж үздэг. Ажилгүйдлийн энэ хэлбэрийг бүрмөсөн устгах боломжгүй учраас нийгэмд тодорхой хэмжээгээр байдаг гэж үздэг юм байна.


Хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын салбар өндөр хөгжсөн орнуудад  улирлын шинж чанар үйлдвэрлэлд нь зонхилох байр суурь эзэлдэг. Үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүнийхээ онцлогтой холбогдуулан бүтэн жилийн туршид биш зөвхөн байгаль, цаг агаарын тохиромжтой үеүдэд үйлдвэрлэл явуулдаг. Улирлын шинж чанартай түр хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоосонтой холбогдон гардаг. Энэ нь хүн ажилгүй болох хоёр дахь шалтгаан болдог. Монгол Улсад жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс барилга угсралт, зам гүүрийн ажил зогсдог. Улирлын шинжтэй ийм ажилгүйдэл нийгэмд тодорхой хэмжээгээр байдаг тул түүнийг зүй ёсныход тооцно.


Шинжлэх ухаан, техник технологи, эдийн засаг, нийгмийн хөгжилтэй холбоотой бүтэц, хүн амын хэрэглээнд өөрчлөлт гардаг. Үйлдвэрлэл болон хүн амын мэдлэг боловсрол, дадал чадвар, ажлын байрны шаардлага өөрчлөгддөг. Цаашилбал, зарим нэг мэргэжил ажлын байр эрэлт хэрэгцээгүй болох нь бий. Түүнтэй зэрэгцээд шинэ ажлын байр бий болно. Хуучин шинэ ажлын байрны хооронд хүн ажилгүй болох гурав дахь нөхцөлийг хэлнэ.  Ийм байдлаар үүсч байгаа ажилгүйдлийн хэлбэрийг бүтцийн ажилгүйдэл гэдэг.


Эдийн засгийн бууралтын үед аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, нийт үйлдвэрлэл буурч зарим нь үйлдвэрлэл, үйлчилгээгээ зогсоодог. Энэ бол хүн ажилгүй болох дөрөв дэх шалтгаан болох жишээтэй. Ийм ажилгүйдлийг мөчлөгийн ажилгүйдэл гэж нэрлэдэг байна. Монгол Улсын хувьд энэ оны 2 дугаар сараас эхлэн дэлхий нийтэд тархсан цар тахал (ковид-19)- аас үүдэн зарм нэг аж ахуйн нэгж үйлдэрлэл үйлчилгээгээ зогсоосон. Тэр байдал өнөөдөр ч үргэлжилж байна. Энэ үед бий болсон ажилгүйдлийг мөчлөгийн ажилгүйдэл гэж ойлгож болох нь. Хөдөлмөрийн зах зээлд ажилгүйдэл гэдэг ойлголт байдаг зүйл бололтой. ҮСХ санд тэмдэглэгдсэн 7.8 хувийн ажилгүйдэл нь тухайн ойлголтын ердийн төвшингөөс 0.8 хувиар өндөр байна гэсэн үг. 

Холбоотой мэдээ