О.Айым: Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ гэдэг нь төгрөгөө дээдлэх явдал юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-09-29 12:57:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголбанкнаас орон даяар өрнүүлж буй "Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд" аяны зорилго, мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээний талаар Баян-Өлгий аймаг дахь Монголбанкны салбарын хянан шалгагч О.Айымтай ярилцлаа. 


- "Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд" аяны зорилго юу вэ?

Монголбанк бол үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг хэвлүүлэх, гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах онцгой эрхтэй төдийгүй төгрөгийн нөөц аюулгүй байдлыг ханган ажилладаг. Энэ онцгой эрхийнхээ хүрээнд төгрөгийн хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох, гэмтэж муудсаныг солих, устгах ажлыг эрхлэн гүйцэтгэдэг. Энэ үүргийнхээ хүрээнд хийж буй ажлуудын нэг нь “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аян болно

Энэхүү аяны зорилго нь олон нийтийн дунд мөнгөн тэмдэгтийг зүй зохистой гамтай хэрэглэх, хэрэглээний соёлд хэвшүүлэх, бага дэвсгэрттэй зохистой харьцахад чиглэсэн сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль тогтоомж, заавар, журмыг таниулахад оршино. Монгол Улсын гүйлгээнд эргэлдэж байгаа мөнгөн тэмдэгт нь хэрэглэгчдийн буруу хадгалалт, соёлгүй хэрэглээнээс шалтгаалан муудаж хүчингүй болох асуудал улам бүр нэмэгдсээр байна. Мөн үндэсний мөнгөн тэмдэгтийг хил гаалиар зөвшөөрөлгүй гаргах, шашны зан үйлд хэрэглэх явдал түгээмэл байна. Эндээс үзэхэд иргэдэд мөнгөн тэмдэгт нь улс үндэстний тусгаар тогтнолын бэлгэдэл, үнэт цаасных нь хувьд хэрхэн зүй зохистой хандах талаар уриалж, мэдлэг мэдээллээр хангах нэн шаардлагатай байна.

- Аяны хүрээнд ямар ажлууд зохион байгуулж байна вэ?

- Аяны хүрээнд манай банкны салбараас банкны теллерүүдэд гүйлгээнд эргэлдэж байгаа мөнгөн тэмдэгтийг яаж хүлээн авч цэгцлэх, эргэж гүйлгээнд ямар мөнгөн тэмдэгтийг гаргах талаар сургалт, улс орны тусгаар тогтнолын бэлгэдэл, үнэт цаасных нь хувьд мөнгөн тэмдэгтийг цэвэр нямбай, зүй зохистой хандахыг уриалж, мөнгөн тэмдэгтийг хүндлэн гамтай, соёлтой хэрэглэж буй ард иргэдийг урамшуулах, Алтай Таван Богд хайрханы овоо болон бусад аймгийн ойролцоо овоонуудын ойр орчимд иргэд, аялагчдын ил задгай орхисон мөнгөн тэмдэгтийг цуглуулж, орчны цэвэрлэгээ хийх болон бусад төрлийн арга хэмжээнүүдийг арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлж байна.

- Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ гэж юу вэ?

Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ гэдэг нь Монгол Улсын нэрийн хуудас төгрөгөө дээдлэх явдал юм. Үүнд, мөнгийг норгохгүй байх, мөнгөн тэмдэгт дээр зурж, бичихгүй байх, бохир гараар барихгүй байх, овоо, тахилга, агуйд тавихгүй байх, сүсэг бишрэлийн зан үйлд ашиглахгүй байх, урж, тасдахгүй байх, нугалж, эвхэхгүй байх, зориулалтын бус газар хадгалахгүй байх зэрэг үйлдлүүд хамаарна.  

Мөнгөн тэмдэгтийг ариг гамтай  соёлтой хэрэглэх нь эдийн засагт өндөр ач холбогдолтой юм.

Төгрөгийн дундаж насжилт хэдэн жил байдаг вэ?

-Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гарснаас хойш устгалд орох хүртэл дундаж хугацаа 3,8 жил байна. Монголбанкнаас гүйлгээнд гаргасан 1 болон 5-тын дэвсгэртийн ердөө 0.3 хувь нь тооллогод эргэж ирдэг нь ихэвчлэн зориулалтын бусаар ашиглаж байгаатай холбоотойОлон улсын жишгээс харахад Австрали улсад бага дүнтэй дэвсгэртүүд 5 хүртэлх жил, том дэвсгэртүүд нь 20 гаруй жил гүйлгээнд эргэлддэг гэдэг. Тэгвэл АНУ-ын долларын дундаж насжилт 9,9 жил байдаг гэсэн судалгаа бий. Төгрөгтэй харьцуулбал даруй 2.6 дахин их үзүүлэлттэй байна.  Өөрөөр хэлбэл, хүмүүсийн том, жижиг дэвсгэрттэй харьцах хандлага ялгаатай байдгаас насжилтын хувьд ч мөн харилцан адилгүй байдал үүсдэг нь олон улсын жишээн дээрээс харагддаг. Үүнд хэрэглээний соёл их нөлөө үзүүлдэг гэдгийг давхар хэлэх хэрэгтэй.

Ашиглах боломжгүй болсон мөнгөн тэмдэгтийг устгах, шинээр хэвлэхэд хэр их зардал гардаг вэ?

Мөнгөн тэмдэгтийг хэвлэх, гүйлгээнд гаргах, гүйлгээнээс гаргах устгах зардалтай  холбоотой гол асуудал нь мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээтэй холбогддог. Нэгдүгээрт, иргэд мөнгийг нугалах, базах, урж тасдах, юм бичих зэргээр зохисгүй харьцсанаас болж гүйлгээн дэх хуучирсан, хиртсэн, урагдсан, хамгаалалтын элемент нь арилсан гэх мэт дахин ашиглах боломжгүй, муу мөнгөн дэвсгэртийн тоо хэмжээ улам л ихэссээр байгаа. Эдгээр мөнгөн дэвсгэртүүдийг устгахаас өөр аргагүй болдог. Хоёрдугаарт, сүсэг бишрэлийн зорилгоор газарт булсан, суварга босгоход хийсэн, уул овоонд өргөсөн жижиг дэвсгэртүүд зах зээлд эргэлдэхгүй түгжигдэж байна гэсэн үг юм. Тэгэхээр мөнгөн тэмдэгтийг зориулалтын бусаар ашиглах, зохисгүй харьцсанаас үүдэн дахин хэвлүүлэх шаардлага гарч зардал ч нэмэгддэг. Мөнгөн дэвсгэрт бүтэх үйл явцаас эхлээд устгахад хүртэл зардал гардаг гэдэг нь маш ойлгомжтой тул үндэсний мөнгөн тэмдэгтээ соёлтой хэрэглэж хэвших шаардлагатай байна.

Сүүлд нь хэлэхэд ард иргэдэд мөнгөн тэмдэгтээ соёлтой, цэвэр нямбай, нугалахгүйгээр хэтэвчиндээ хийж ашиглахыг уриалж байна.

Холбоотой мэдээ