Ирэх сарын хоёронд төсөвт тодотгол хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-19 18:28:24

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж аймгийн 2016 оны төсөвт тодотгол хийхээр болж хуралдааны товыг тогтоож ирэх сарын хоёронд хуралдуулахаар зарлав.

Мөн Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн хүрээнд тус аймгийн төрийн захиргаа, боловсрол, биеийн тамир спортын салбарт олон жил үр бүтээл гаргаж идэвх зүтгэлтэй ажилласан 129 иргэнийг Төрийн одон, медалиар шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт уламжлахаар тогтлоо. УИХ-аас баталсан “Аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичиг”, Засгийн Газрын “Аж үйлдвэрийг кластераар хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх, орон нутагт нэмүү өртгийн сүлжээ бий болгож орон нутгийн хөгжлийн эдийн засгийг дэмжих зорилгоор Монгол Улсын Компаний тухай хууль, ДҮТП ОНӨ ХХК-ийн дүрмийн  холбогдох заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг үндэслэж Дархан-Уул  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс ДҮТП ОНӨ ХХК-ийн одоо байгаа хөрөнгийг үнэлж орон нутгийн өмчийг компаний дүрмийн 4.3 дахь заалтыг үндэслэж аймгийн ЗДТГ 20 хувийн хувьцаа, хувийн хэвшил 80 хувийн хувьцаа эзэмшихээр батлав.

Түүнчлэн тус аймагт үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүдэд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу 10 сүмийн зөвшөөрлийг сунгаж таван сүмийн зөвшөөрлийг түдгэлзүүллээ.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ