Энэтхэгийн цэргийн хөлөг онгоцууд Вьетнам болон Филиппинээр дайрна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-19 14:57:38

ШИНЭ ДЕЛИ. /NHK/. Энэтхэгийн батлан хамгаалахын яамны мэдээлснээр, тус улсын тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд ирэх зургадугаар сард Японы эргийн ойролцоо болох АНУ-ын Тэнгисийн цэрэг болон Японы өөрийгөө хамгаалах хүчний хамтарсан сургуулилтад оролцохоор явах замдаа Вьетнам болон Филиппинээр дайрах ажээ.

Мэдээлэлд дурдсанаар, тэнгисийн цэргийн дөрвөн хөлөг онгоц Энэтхэгээс лхагва гарагт хөдөлсөн бөгөөд Вьетнамын Камрань Бэй боомт болон Филиппиний Лузон арлын Субик Бэй боомтуудад очих юм.

Хүлээн авч буй улсуудын тэнгисийн цэргийн хүчинтэй хамтран олон тооны солилцооны хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ гэдгийг тус яамны мэдэгдэлд дурджээ.

Дашрамд дурдахад, Вьетнам, Филиппин хоёр Өмнөд Хятадын тэнгист Хятад улстай нутаг дэвсгэрийн маргаан үүсгээд байгаа билээ.

Энэтхэгийн Ерөнхий Сайд Нарендра Моди Өмнөд Хятадын тэнгис болон Энэтхэгийн далайд Хятад улс хүчээ зузаатгаж байгаатай холбоотойгоор АНУ болон Япон улстай аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа юм.

Өмнөд Хятадын тэнгис бол Энэтхэгийн хувьд стратегийн хувьд чухал ач холбогдолтой бүсүүдийн нэг юм гэж Батлан хамгаалах яамны мэдээлэлд онцлон тэмдэглэжээ.  

Шинжээчдийн үзэж байгаагаар, Энэтхэгийн хөлөг онгоцууд Вьетнам болон Филиппинийг зорин хөдөлсөн нь усан замаар зорчих эрхийг хамгаална гэсэн амлалтаа Энэтхэг улс нотлон харуулж буйн илрэл байж болох юм.  

Х.Сарнай





 

Холбоотой мэдээ