БШУЯ: Сургуулийн орчинд хэвшсэн зөв дадлыг гэр бүлд нь үргэлжлүүлэх хэрэгтэй

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-09-18 17:04:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд бүх ерөнхий боловсролын сургуулиуд энэ сарын 21-ний даваа гарагаас энгийн горимоор хичээллэх гэж байгаатай холбогдуулан БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр, “Танхимын хичээл эхэлснээр теле хичээлийг түр хугацаанд зогсоож байна. Гэхдээ авч ашиглаж болохуйцаар вэб сайтуудад байршуулна. Төлөвлөгөө, арга зүй, зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсний дагуу бататгах хичээл 10 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Зайны сургалт удаан хугацаагаар явагдсантай холбогдуулан уралдаан, тэмцээн, олимпиадыг сургууль, орон нутгийн хэмжээнд зохион байгуулахгүй харин хичээл, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулахыг зөвлөж байгаа. Түр журамд байсан зарим заалт хэвээр үргэлжилнэ. Тухайлбал, бөөгнөрөл үүсгэхгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ барьж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, зөвлөмжийг дагах, амны хаалт зүүх, сургууль, цэцэрлэгт агаар сэлгэлт хийх, чийгтэй цэвэрлэгээ хийх нь хэвээрээ байх юм. Түр журмаар хичээллэж байх үед сургуулийн орчинд гар ариутгах, зай барих, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохицуулж байсан боловч сургуулиас гараад гэр бүлд нь энэ дадал хэвшил байхгүйгээс болоод сургуулийн орчинд төлөвшүүлэх гэж хичээж оролдож байгаа энэ дадал хэвшил төдийлөн сайн байгаагүй. Тиймээс эцэг эхчүүд анхаарал тавьж оролцох нь чухал гэдгийг дахин хэлье” гэв.

Холбоотой мэдээ