Бичиг соёлын өдрүүдийг тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬТавдугаар сарын эхний долоо хоногт тохиодог бичиг соёлын өдрүүдийг Дорноговь аймгийн Өргөн сумын Ерөнхий боловсролын сургууль олон нийтийг хамарсан ажил зохион байгуулж тэмдэглэлээ. Иргэдийн дунд монгол бичгээр минутын уншлага, цэвэр бичигтэн, уран уншигчийн тэмцээнийг зохион байуулав.
Минутын уншлагаар тэргүүн байрт тус сумын цэцэрлэгийн туслах багш М.Наранчимэг, хоёрдугаар байрт сумын ЗДТГ-ын нийгмийн даатгалын байцаагч О.Байгаль шалгарсан бол олимпиадын сэдвээр О.Байгаль нэгдүгээр байрт, цэцэрлэгийн нярав Б.Дагийсүрэн дэд байрт, цэвэр бичигтнээр сумын ЗДТГ-ын байгаль орчны байцаагч Д.Мөнх-Эрдэнэ тэргүүлж, сургуулийн дотуур байрны жижүүр Д.Ганболор удаах байрт шалгарав.
Харин нийлбэр дүнгээр сумын ЗДТГ-ын нийгмийн даатгалын байцаагч О.Байгаль тэргүүлж, удаах байрт цэцэрлэгийн туслах багш М.Наранчимэг, гутгаар байрт цэцэрлэгийн нярав Б.Дагийсүрэн тодорлоо.
Сургуулиас монгол бичгийн хэрэглээ болон үүнийг сурах хүсэл эрмэлзлийн талаар сумын зарим иргэдээс судалгаа авахад монгол бичгийг сурах хүсэл тэмүүлэл их байгааг тогтоосон бөгөөд төсвийн зарим байгууллагуудын дунд үндэсний бичиг соёл заах ажлыг зохион байгуулдаг аж.
Х.Эрдэнэбулган