“Hayabusa-2” өөр бага гараг судална

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2020-09-15 13:39:20

ТОКИО. /Kyodo/. Японы “Hayabusa-2” сансар судлалын төхөөрөмжийг одоогийн даалгавраа гүйцэтгэснийх нь дараа Дэлхий, Ангараг гаргийн хооронд оршдог “1998KY26” бага гаргийг судлуулахаар төлөвлөж байна гэж тус улсын Шинжлэх ухааны сайд өнөөдөр мэдээлэв.


Hayabusa-2” 30 метр орчим диаметртэй, ойролцоогоор 10 минут тутам эргэдэг, бөмбөгөн хэлбэртэй тус бага гарагт 2031 оны долоодугаар сард хүрнэ хэмээн найдаж байна гэж Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайд Хагиүда Хойчи хэлжээ.


Японы Сансар судлалын агентлагийн мэдээлснээр, уг төхөөрөмж эргэлдэж буй бага гараг дээр газардахгүйгээр камераараа ажиглалт хийнэ.  “1998KY26” бага гаргийг “Hayabusa-2”-ын очсон “Рюгү” бага гарагтай төстэй гэж үзэж байгаа тул тус хоёр гаргийн мэдээллийг харьцуулснаар шинэ нээлт хийж магадгүй хэмээн таамаглаж байгаа ажээ.


2014 оны 12 дугаар сард пуужинд тээн хөөргөсөн “Hayabusa-2” Дэлхийн орчимд ирэх 12 дугаар сард эргэн ирэх төлөвтэй байгаа бөгөөд шинэ даалгавраа биелүүлэхээр өөр бага гаргийг зорихоосоо өмнө “Рюгү”-гийн гадаргуугаас цуглуулсан сорьц бүхий бортогоо буулгах юм. Уг бортого Австралийн өмнөд хэсэгт газардах төлөвтэй байна.


Ташрамд дурдахад, Японы Сансар судлалын агентлагийн судалж буй “2001AV43” нэртэй өөр нэгэн бага гараг нь “Hayabusa-2”-ын дараагийн даалгавар болж магадгүй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ