Бээжин гадаадын хөрөнгө оруулагчдад орон зайгаа тэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-09-14 16:07:18

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотын үйлчилгээний салбарыг илүү өргөн хүрээнд нээж, гадаадын хөрөнгө оруулагчдад илүү их боломж олгохоор боллоо гэж “Жунго жибао” сонин Хятад-ЕХ-ны дээд хэмжээний уулзалтад зориулсан нийтлэлдээ бичжээ.


Даваа гарагт видео хэлбэрээр явуулах уг уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жинпинь, Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель, Германы Канцлер Ангела Меркель, Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен нар оролцох төлөвтэй байна.


“Бээжинд үйлчилгээний салбарыг илүү өргөн хүрээнд нээж, гадаадын хөрөнгө оруулагчдад бизнесийн илүү их боломж олгох бөгөөд тус хот энэ салбарт бүх улс орон даяар үзүүлэх загвар жишээ болно" гэж “Жунго жибао” сонинд “өндөр албан тушаалтнууд"-ын мэдээллээс иш татан дурджээ. Тус сонинд мэдээлж буйгаар, Бээжинд "үйлчилгээний зах зээлийн хүртээмжийг өргөжүүлэх, үндэсний цогц загвар бүсийг бий болгох" зөвшөөрлийг өгсөн байна.


Энэхүү туршилтын бүс нь шинжлэх ухаан болон технологийн үйлчилгээ, дижитал эдийн засаг, дижитал худалдаа, санхүү, худалдаа, соёл урлаг, аялал жуулчлал, боловсрол болон эрүүл мэнд гэсэн есөн гол салбарт голлон төвлөрч, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын дэвшилтэт хэм хэмжээг агуулсан байх ёстой гэж БНХАУ-ын Худалдааны орлогч сайд Ван Шоувэнь хэлжээ. Түүний хэлснээр, үүний тулд нээлттэй байдлыг тэлэх, дөрвөн чиглэлээр инновацийг нэвтрүүлэх 26 арга хэмжээ авах аж. Хятадын эрх баригчид мөн хилийн чанад дахь санхүүгийн байгууллагын төлөөлөгчдийн газрынхаа тоог нэмэгдүүлж, татваргүй барааны дэлгүүрүүдийн сүлжээг өргөжүүлэхээр төлөвлөж байна. Шаардлага хангасан компаниуд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулж, өргөн эрх бүхий өндөр технологийн компанийн статустай болох юм.


БНХАУ-тай хийх дээд хэмжээний уулзалтын үеэр эдийн засгийн хөгжил, худалдаа, технологийн салбарын асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна гэж Европын Холбооны Зөвлөл урьд нь мэдээлжээ. ЕХ-ны төлөөлөгчид мөн энэхүү уулзалтын үеэр хүний ​​эрх, Хонконг дахь нөхцөл байдлыг хөндөж, улс төрийн асуудлуудыг хэлэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.


Холбоотой мэдээ