УБТЗ-ын 3006 тоот зүтгүүрийг анхны машинст Н.Кампааны нэрэмжит болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн ТЭМ18ДМ-3006 тоот зүтгүүрийг Монголын төмөр замын анхны машинист Н.Кампааны нэрэмжит болгох ёслол УБТЗ-ын Зүтгүүрийн депод өнөөдөр боллоо.
Навааны Кампаан нь Тэргүүний хүндэт төмөр замчин, түүнээс гадна 1939 оны болон 1945 оны дайнд оролцож байсан, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ахмад дайчин агсан юм. Тэрээр Халх голын дайнд оролцон тулалдаж байхдаа морь баригчийнхаа хамт, Японы цэргийн бүтэн батальоныг бүрэн зэвсэг, тугтай нь буулган авч байсан түүхтэйг түүний охин К.Янжидулам өнөөдөр дурсан ярьж байв. Тэрээр, “Аав маань Хөвсгөл аймгийн Ханх сумд төрсөн. 16-тайдаа цэрэгт татагдан хоёр дайнд оролцож, морь баригчтайгаа батальон цэрэг олзолж явсан, зоригт тагнуулч хүн байсан.
Дайны дараа манай улс төмөр замтай болоход машинистаар орж, гавьяаныхаа амралтад гарах хүртлээ ажилласан. Чөлөөлөх дайны 75 жилийг тохиолдуулан бид УБТЗ-аас нэг зүтгүүрийг аавынхаа нэрэмжит болгох ажлыг санаачлан, УБТЗ-ын удирдлага дэмжин хэрэгжүүлж буйд талархаж байна. Аавын минь хамгийн олон жил ажилласан Толгойт өртөөнөөс нь түүний нэрэмжит зүтгүүрийг сонгосонд баяртай байна.
Би ээжээсээ 2-уул. Эгч маань цэл залуугаараа бурханы оронд байгаа. Ааваараа овоглосон ганц охин нь би юм. Гэхдээ одоо ааваар минь овоглосон бүхэн бүтэн хамт олон, галт тэрэгний зүтгүүр ажиллах болсонд их баяртай байна. Үр удам, хамт олон нь аавын минь ажил үйлс, нэр төрөөр бахархан ажиллаж амьдарч явна гэдэгт сайхан байна” хэмээн сэтгэлийн үгээ хэлсэн юм.
Н.Кампаан нь төмөр замын анхын машинстын сургуулийг дүүргэж, Монголын төмөр замд ажлын гараагаа эхэлж байжээ. Энэ талаар түүний охин К.Янжиддулам үргэлжлүүлэн хэлэхдээ, "Аав маань хэмнэсэн шатахуун түлшээр 2-3 жил ажилладаг, хөдөлмөрч, зарчимч хүн байсан. Өнөөдөр ийнхүү галт тэрэгний зүтгүүрийг аавын минь нэрэмжит болгож, ажил үйлсийг нь 8 сайхан залуу үргэлжлүүлэн, аавын минь нэрэмжит зүтгүүрийг жолоодон явж байгаа нь сайхан байна" гэсэн юм.
Хүндэт төмөр замчин Н.Кампаан нь УБТЗ-ын Толгойт өртөөнд хамгийн олон жил ажилласан учир энэ өртөөнд явж буй зүтгүүрийг сонгож түүний нэрэмжит болгож байна. Мөн өнөөдрийн үйл явдал нь УБТЗ-д галт тэрэгний зүтгүүрийг тухайн хүний нэрэмжит болгож буй анхны онцлог үйл ажиллагаа юм гэдгийг ёслолд оролцсон хүмүүс хэлж байлаа.
УБТЗ-ын Зүтгүүрийн депогийн дарга П.Энхмөнх анхны төмөр замчдын нэг, гавьяат хүн Н.Кампааны ажил үйлсийг нэр төртэйгөөр үргэлжлүүлэн ажиллахаа төмөр замчин хамт олныхоо өмнөөс илэрхийлсэн юм.
Хүндэт төмөр замчин Н.Кампааны нэрэмжит болгох ёслолд УБТЗ-ын дарга асан, зөвлөх, Хөдөлмөрийн баатар Р.Раш, ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн аттеше, хурандаа П.Г. Анисов, ОХУ-ын Холбооны хамтын ажиллагааны "Россотрудничество" агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал А.Базархандаев, УБЗТ-ын Зүтгүүрийн депогийн дарга П.Энхмөнх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын болон БХЯ-ны төлөөлөл албаны хүмүүс, олон нийтийн байгууллагынхан болон төмөр замчид оролцож Хүндэт төмөр замчны ажил үйлс, амьдралын тухай халуун дулаан яриа өрнөсөн хүндэтгэлийн байдалд боллоо.
Гэрэл зургийг Т.Чимгээ