Тээвэрчдийн хотхоны барилгын гүйцэтгэл 80 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-09-04 18:19:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийн хамт өнөөдөр /2020.09.04/ Өмнөговь аймгийн ажилтай танилцаж байна.


Энэ үеэр Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын хүрээнд Өмнөговь аймагт хийж буй барилгын ажил хэрхэн өрнөж буй, Тавантолгой- Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтийн явц , нүүрс тээврийн замын дагуу баригдаж буй Тээвэрчдийн хотхоны барилгын гүйцэтгэлийг шалгаж, Эрдэнэс Тавантолгой компанийн ажилтан албан хаагчидтай уулзлаа.


Ерөнхий сайд хэлэхдээ Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын утааг бууруулахаар авсан ажлын дүнд 2019 онд агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулж чадсан тул энэ онд үр дүнг 30 хувиар нэмэх зорилт тавьж байна. Түүхий нүүрсний хэрэглээг халж, Тавантолгойн ордын нүүрсээр сайжруулсан түлш үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлсэн нь шууд үр дүнг харууллаа. Иймд нийлүүлэлтийг нэмэхэд анхаарна. Цаашид аймаг орон нутгийг сайжруулсан түлшээр бүрэн хангаж агаарын бохирдлыг арилгахад Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэс Тавантолгой, Энержи ресурс компаниуд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Агаарын бохирдлыг бууруулж хүн амын эрүүл, мэнд аюулгүй байдлыг хамгаалахад оруулж буй хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газраас өндрөөр үнэлж байна. Цаашид ажлаа эрчимжүүлж, технологийн шинэ шийдлүүдийг нэвтрүүлж, үйл ажиллагаагаа улам өргөжүүлж ажиллараарай гэлээ.


Дараа нь Тавантолгой-Гашуунсухайтын нүүрс тээврийн замд баригдаж буй “Тээвэрчдийн хотхон”-ны барилгын гүйцэтгэлийг шалгав. Хотхон байгуулах төслийн хэрэгжүүлэгчээр “Шанх майнинг” ХХК ажиллаж байна. Тус цогцолбор нь нэг ээлжиндээ 500 жолооч хүлээн авч, дулаан тохилог амрах байр, халуун ус, гоо сайхан, эмнэлгийн анхан шатны тусламж зэрэг нийгмийн хэрэгцээний бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх аж. Цогцолбор ашиглалтад орсноор нүүрс тээврийн жолооч нарын нийгмийн асуудал шийдэгдэхийн зэрэгцээ шинээр 1200 хүн ажлын байраар хангана.


Тээвэрчдийн хотхоны барилга угсралтыг хоёр үе шаттай явуулж буй бөгөөд эхний шатны гүйцэтгэл 80 хувь, хоёрдахь шатных 30 хувьтай байна. Төслийг хэрэгжүүлж дуусгах санхүүжилтын асуудлаар гүйцэтгэгчдээс мэдээлэл сонсож, асуудлыг шийдвэрлэхэд Сангийн сайдыг анхаарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Нүүрс тээврийн жолооч нар Монгол Улсын төсвийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглээд тэдний ажиллах орчин нөхцлийг сайжруулахад онцгой анхаарахыг холбогдох албан тушаалтнуудад чиглэл болгов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, "Өнөөдрийг хүртэл нүүрс тээврийн жолооч нарын нийгмийн асуудал орхигдож ирсэн. Анх 2018 онд нүүрс тээврийнхэнтэй уулзсанаар тээвэрчдэд үйлчилгээ хүргэх, зам дагуух орчин нөхцлийг сайжруулах шийдвэр гаргаж эхэлснээс хойш зарим нь биелэлээ олж байгаад баяртай байна. Цаашид тээвэрчдийн амрах цогцолбор, түр зогсоолыг нэмэх шаардлагатай" гэв.

Холбоотой мэдээ