Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гашуунсухайт боомтын ажилтай танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-09-04 16:45:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гашуунсухайт боомтын ажилтай өнөөдөр танилцлаа.


Гашуунсухайт боомтыг шинэчлэх 20 сая ам.долларын өртөгтэй төсөл 2019 онд эхэлсэн боловч дэлхий дахинд тархсан "COVID-19"-ийн улмаас зогсонги байдалд орсон байна. 2021 оноос боомтын шинэчлэлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр Засгийн газар ажиллаж байна. Мөн "COVID-19"-ийн улмаас нүүрсний экспорт 44 хувиар, зэсийн баяжмал 13,5 хувиар тус тус буурсан байна. Гэсэн ч Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарцыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтийн хүрээнд 2020 оны 8 сарын 12-ноос эхлэн нүүрс болон зэсийн баяжмалын 1000-1400 тээврийн хэрэгсэл гарч эхэлсэн байна. Өмнө нь 400-500 болж буураад байсан юм.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх, "Гашуунсухайт боомт бол манай улсын томоохон үүд хаалга. Экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд тус боомтын шинэчлэлийн үйл ажиллагаа чухал ач холбогдолтой. Иймд Гашуунсухайт боомтын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй. Холбогдох албан тушаалтнууд анхаарч ажилах хэрэгтэй" гэв.


Цагаанхад сууринд Гаалийн хяналтын буюу нүүрс ачилт буулгалтын 18 талбай ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт талбайд 1,1 сая тонн нүүрсний үлдэгдэлтэй байна. 


Хилийн хяналтын байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар 24 айлын орон сууц, 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлж 2020 оны 12 дугаар сард дуусгахаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ