Б.Говьсайхан: Увс нутагт модон болон чулуун сийлбэр түлхүү хөгжсөн

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sodonizm@gmail.com
2020-09-02 11:00:04

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Увс аймгийн зураач, урчуудын нэгдсэн “Чандмань-2020” үзэсгэлэн 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 5-ныг хүртэл МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд гарч байна. Тус үзэсгэлэнгийн тухай уран барималч Баянмөнхийн Говьсайхангаас тодрууллаа.


-Увс аймгийн үзэсгэлэнт байгаль, нутгийн ёс заншлыг харуулсан бүтээл олон байна. Үзэсгэлэнгийн талаар танилцуулна уу?

-“Чандмань-2020” үзэсгэлэнд Увс аймгаас төрөн гарсан гурван үеийн төлөөлөл болсон 30-аад уран бүтээлчийн 80 гаруй бүтээлийг дэлгэн толилуулж байна. Увс нутаг нь байгалийн үзэсгэлэн цогцолсон түүх, ёс заншил, олон үндэстний өлгий бөгөөд цаг уурын эрс тэс уур амьсгалтай. Байгаль, цаг уур хийгээд уламжлал нь хүн ардын сэтгэлгээнд гүн шингэсэн байдаг. Үүний илрэлийг үзэсгэлэнд тавигдсан зураач урчуудын уран бүтээлээс харах бүрэн боломжтой.


-Увс аймгаас төрж гарсан нэртэй уран бүртээлчдээс дурдвал?

-Манай аймагт 1800-1900-аад оны үед уран Гомбожав, Дамбашарав, Нянгар, Довчин, Буджав, Баадай нар. 1910-аад оноос хойш Бор, Өгөдэй нар, харин 1940-өөд оноос хойш уран Гүнзэн, Зонноров, Зүүпэрэл, Хорлоо, Самбуу, Дарам, Лойпол, Бямбадорж, Амиа, Цэнджав, Дүүдэй, Мөнхөө, Хулганаа, Мөнхөө зэрэг үе үеийн урчууд уран бүтээлээ туурвисаар ирсэн. 


-Увс аймгийн урчуудын эвлэлийн хороо нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Ер нь ямар чиглэлийн уран бүтээлийг түлхүү хөгжсөн байдаг вэ?

-Анх 1946 онд Буянбадрахын Самбуу Улаанбаатар хотод анхны зураачдын курсыг төгсөж, аймагтаа ирээд одоогийн урчуудийн эвлэлийн үндэс суурийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш дөрвөн эрхлэгчийн нүүр үзсэн. Тэднээс Э.Сүхээ зураач Увс аймгийн урчуудын эвлэлийн хороог 35 жилийн турш тасралтгүй удирдаж байжээ. Социалист нийгмийн үед төлөвлөгөөт эдийн засгийн үеийн социалист уралдаан болон урчуудын эвлэлийн хорооны салбарын ажил дүгнэхэд 11 удаа улсад тэргүүн байр эзэлж байсан. Мөн 1964, 1967, 1999 онд Улаанбаатар хот, Тува, Хаскасс болон зэргэлдээ аймгуудад 10-аад үзэсгэлэн толилуулж байжээ. Манай нутагт модон болон чулуун сийлбэр түлхүү хөгжсөн. Сийлбэрчид гэр ахуйн эдлэл хэрэгслээс эхлээд ардын гар урлал болгон хөгжүүлсээр ирсэн.


-Харин та ямар уран бүтээлээр энэхүү үзэсгэлэнд оролцож байна вэ?

-Би гурван уран баримлаар оролцож байна. Тухайлбал, “Чонон хүлэг” бүтээл маань орчин үеийн соц реалист чиглэлээр хийсэн. Нэг талаас нь харахад чоно шиг, нөгөө талаасаа морь шиг харагдаж байна. Эрт дээр үеэс монголчууд энэ хоёр амьтныг шүтэн биширч ирсэн. Тэнгэрлэг энэ хоёр оршихуйг нэгтгэж баримлаа урласан. Хүмүүс хараад өөр өөрсдийн бодлоор ухаарч ойлгох биз ээ. Хувь хүний үзэл бодлоос хамаарна. Мөн “Оршихуй”, “Эгшиглэн” гэсэн гурван бүтээлээ үзэсгэлэнд дэлгээд байна.

 

-Хэзээнээс та уран баримал хийх болов?

-Би Урчуудын эвлэлийг удирдаж байсан Э.Сүхээ гуайн отгон шавь. 1990-ээд оны эхээр дагалдан сийлбэрчин мэргэжлийг эзэмшээд Улаанбаатар хотод Дүрслэх урлагийн дээд сургуульд сурснаас хойш би уран барималчны гараагаа эхлүүлсэн. 1998-2003 онд уран баримлын мэргэжлийг эзэмшсэн. Түүнээс хойш уран бүтээлээ хийгээд явж байна.


-Таны уран санд ямар бүтээлүүд байна вэ?

-Би Говь-Алтай аймгийн Батсуурь аваргын хөшөөг хийсэн. Гэрлэх ёслолын ордны Юндэн, Нансалмаагийн хөшөөг хийж байсан. Увс аймгийн 90 жилийн ойд зориулан Х.Баянмөнхийн хөшөөг 2014 онд Монгол бөхийн хөшөөт цогцолбор нэртэйгээр босгосон. Уг хөшөө 9 метр өндөртэй далайн давалгааны түрлэг дээрээс гарч ирж зогссон байдлаар дүрсэлсэн л дээ.

 

Холбоотой мэдээ