Нүүрс тээврийн жолооч нар тэмцлээ зогсоож ажилдаа орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-08-28 17:51:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нараас өгсөн үүрэг чиглэлийн дагуу УУХҮЯ, ЗТХЯ, “Эрдэнэс-Тавантолгой”, “Тавантолгой”, "Гашуун Сухайт авто зам"  ХХК-ийн удирдлагууд өнөөдөр тэмцэл хийж буй  тээвэрчидтэй уулзаж, тодорхой шийдвэрүүд гаргаснаар жолооч нар тэмцлээ зогсоон, автозамын зорчих урсгалыг чөлөөллөө. Ингэснээр “Ногоон гарц” түр журмаар эрчимтэй явж байгаа нүүрсний экспорт хэвийн үргэлжлэх болов.

Нүүрс тээврийн жолооч нар  Засгийн газарт болон нүүрсний компаниудад:

  • ЗТХ-ийн сайдын 2019 оны 374 тоот “Жишиг тариф батлах туухай” тушаалын "...тээврийн норм тарифыг мөрдөх” тухай заалтыг худалдан авагч талтай байгуулах гэрээнд тусгах,
  • Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилох,
  • “С” зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслүүдийг уртын тээвэрт шилжин орохыг хориглох,
  • Тээврийн хариуцлагын гэрээ байгуулах үйл явцыг ил тод нээлттэй болгож мөрдөн ажиллах,
  • -80 тарифтай ачилтыг зогсоох,
  • 80+ буюу тээврийн жишиг тарифыг мөрдүүлэх талаар гаргасан худалдан авагч компаниудад “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-иас мэдэгдэл хүргүүлэх, 
  • 80+ тээврийн жишиг тариф мөрдүүлэх ажлыг зохион байгуулах Түр зөвлөл байгуулах, 
  • орон нутгийн "Тавантолгой" ХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа “хөтөч зууч” гэх хүмүүсийн үйл ажиллагааг зогсоох  шаардлагуудыг тавиад байсан юм.


Уулзалт хэлэлцээрийн үр дүнд "ЭТТ", "Тавантолгой" компаниуд жишиг тарифыг мөрдүүлэх, хэрэгжилтийг хянахыг Тээвэрчдийн хяналтын түр зөвлөл хариуцан ажиллахаар болов. Түр зөвлөлд "ЭТТ", Тавантолгой" ХК болон "Баянзам" тээвэрчдийн холбоо, "Тээврийн жолооч нарын гэргий нарын холбоо" зэрэг ТББ-ын төлөөлөл оролцон ажиллах юм. Мөн ЗХТ-ийн сайдын 2019 оны 374 тоот тушаалаар баталсан тээврийн жишиг норм тарифыг хэрэгжүүлэх талаар нүүрс олборлогч компаниуд худалдан авагч талуудтай ярилцан тохиролцжээ.


Түүнчлэн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг 2020 оны 9 дүгээр сарын 4-ний дотор томилох, С зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслүүдийн уртын тээвэрт шилжиж орохыг хориглох шийдвэрийг ойрын үед гаргах шаардлагыг тээвэрчид тавилаа. Ийнхүү тээврийн жишиг тарифыг мөрдөхөөр зөвшөөрсөн компаниуд ачилтаа өнөөдрөөс хийж, нүүрс тээвэр хэвийн горимд шилжлээ.


Холбоотой мэдээ