Ливид авсан зэвсгийн хориг арга хэмжээг цуцлахыг их гүрнүүд дэмжинэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-17 09:47:43

ВЕНА. /ВВС/. Нутаг дэвсгэрт нь орогнож буй “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд нь туслах зорилгоор АНУ болон бусад их гүрнүүд НҮБ-ын дэмжлэгийг хүлээж буй Ливийн Үндэсний зөвшилцлийн Засгийн газарт зэвсэг нийлүүлэхэд бэлэн байна. 

Вена хотод болсон уулзалтын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, НҮБ-аас Ливид зэвсэг нийлүүлэхэд хориг тавьсан шийдвэрийг цуцлахыг дэлхийн их гүрнүүд дэмжинэ гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр "Ливид заналхийлэл учруулж буй “Лалын улс” бүлэглэлийг сөнөөн дарах зайлшгүй шаардлагатай" гэж мэдэгджээ.

“Лалын улс” бүлэглэлийг нэн даруй зогсоохгүй бол тэд Ливийн газар нутгийн ихэнх хэсгийг эзэлж магадгүй байна гэж тус улсын Засгийн газар өнгөрсөн сард мэдэгдэж байсан билээ.

Керри олон улсын түншүүдтэйгээ хэлэлцээ хийснийхээ дараа "Үндэсний зөвшилцлийн засгийн газар нь Ливийг нэгтгэж чадах цорын ганц байгууллага бөгөөд “Лалын улс” бүлэглэлийг дарахын тулд нэгдэл нягтралыг бий болгох цорын ганц арга зам юм" гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ