Хонконгийн тэргүүн Их Британийн коллежийн хүндэт цолоос татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-17 16:35:50

ХОНКОНГ. /Standard/. Хонконгийн засаг захиргааны тэргүүн Керри Лам Кембрижийн их сургуулийн Вулфсоны коллежийн хүндэт цолоос татгалзахаар шийджээ. Тус коллежийн захиргаа Хонконг дахь нөхцөл байдалд санаа зовниж буйгаа өмнө нь илэрхийлсэн байна. 


Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай шинэ хууль батлагдсаны дараа БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүсэд хүний эрх, эрх чөлөө дагаж мөрдөгдөхтэй холбоотой нөхцөл байдалд санаа зовниж буйгаа Вулфсоны нэр хүндтэй коллежийн захиргаа илэрхийлжээ. Тус коллежийн удирдлагын зөвлөл Кэрри Ламд олгосон цолтой холбоотой асуудлыг 9 дүгээр сард хэлэлцэхээр төлөвлөж байсан хэдий ч удалгүй ингэх шаардлагагүй болжээ. 


Тодруулбал, шинэ хуультай холбоотой шүүмжлэлийг Хонконгийн засаг захиргааны тэргүүн няцааж, Их Британи үндэсний аюулгүй байдлын салбартаа хууль эрх зүйн акттай гэдгийг цохон дурджээ.


Кэрри Лам төрийн албан хаагчийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Хонконгийн Засгийн газраар санхүүждэг хөтөлбөрийн хүрээнд 1982 онд Кэмбрижийн их сургуульд орж, тэндээ нөхөртэйгээ танилцаж байсан аж. Түүний хоёр хүү ч мөн энэ сургуулийг төгсжээ. Вулфсоны коллеж Кэрри Ламд 2017 онд хүндэт цол олгож байсан аж. 

Холбоотой мэдээ