Ливаны Ерөнхийлөгч огцрох бодолгүй байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-16 10:38:48

ПАРИС. /ТАSS/. Ливаны Ерөнхийлөгч Мишель Аун 8 дугаар сарын 4-нд Бейрутад болсон дэлбэрэлттэй холбоотойгоор албан тушаалаасаа огцрох бодолгүй байна. Тэрбээр энэ тухайгаа телевизийн BFM сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.  


Бейрутад дэгдсэн гудамжны эсэргүүцлийн ажиллагааны талаарх байр суурийг нь сурвалжлагч  тодруулахад “хэрвээ би огцорвол шинээр сонгууль явуулах шаардлагатай болно, одоогийн нөхцөлд энэ нь боломжгүй зүйл” гэж Ливаны Ерөнхийлөгч хариулсан байна.  

Үүний сацуу тэрбээр “би ливанчуудын зовлон шаналлыг хуваалцаж, болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа, би өөрөө энгийн ард олны дундаас төрсөн хүн ” гэдгээ онцлон дурджээ.

Мишель Аун цааш нь хэлэхдээ “хандивлагчдын олон улсын бага хурлын шийдвэрийн дагуу үзүүлж буй тусламжийг хянах”-ыг НҮБ-д хандан хүсээд “тусламж бол Ливаны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй хэрэг биш” гэдгийг онцоллоо.

“Харин засгийн газрыг эмхлэн байгуулахад нөлөөлөх гэж оролдвол энэ нь хөндлөнгийн оролцоо мөн” гэж Ливаны Ерөнхийлөгч хэлсэн байна. Сэтгүүлч түүнээс “шийтүүдийн Хезболлах хөдөлгөөн нь улс доторх улс мөн үү” гэж асуухад тэрбээр үгүйсгэсэн хариулт өгчээ.  

 

 

Холбоотой мэдээ