Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймагт ажиллах үеэрээ “Эхийн алдар” одон гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-09 11:28:43
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр Дорноговь аймагт ажиллаж тус аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.


Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан.


“Эхийн алдар” одонг жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу зургадугаар сарын нэгний өдөр гардуулдаг уламжлалтай боловч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэ жил одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорноговь аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одонг гардууллаа.


Энэ жил Дорноговь аймгаас “Эхийн алдар” одонг нийт 203 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 12, Хоёрдугаар зэргийн одонг 191 ээжид хүртээж байгаа юм.


“Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болж байна.


Холбоотой мэдээ