Шадар сайд Я.Содбаатар Азийн хөгжлийн банкны удирдлагуудтай уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-07 18:33:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Азийн хөгжлийн банкны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд, тус банкнаас Монгол Улсын Шадар сайдад Монгол улсад авч хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, зээл, тусламжийн талаар танилцуулав.  Азийн хөгжлийн банкнаас Монгол улсад хэд хэдэн томоохон зээл, санхүүгээр тусалжээ. Тухайлбал, коронавирусээс урьдчилан сэргийлэхэд эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийг шинэчлэх чиглэлд санхүүгээр дэмжсэн байна. ​Мөн “Эрүүл мэнд-5” төслийн хүрээнд 30 сая ам.долларын Гамшгийн үед шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, оношлуур худалдан авахад санхүүгийн дэмжлэг өгсөн байна. Түүнчлэн Нийгмийн хамгааллын салбарт 26.4 сая ам.долларын зээл олгожээ.



Түүнээс гадна  1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж Монгол Улсад олгохоор болсон байна. Мөн МХЕГ-т коронавирусний голомтод ажиллаж байгаа албан хаагчдын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд 500 мянган ам.долларын дэмжлэг болохоор болжээ.


​“Хил дамнасан бүс” төслийн хүрээнд Замын-Үүдын Чөлөөт бүсэд бүтээн байгуулалтын ажилд санхүүгийн дэмжлэг болохын зэрэгцээ “Ургамал, хүнсний аюулгүй байдал”-ыг хангах төсөлл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Замын-Үүдэд ургамал хамгааллын лабораторийн барилгын бүтээн байгуулалтын ажил эхэлчихсэн, ажил нь үргэлжилж байгааг дуулгав.



​Азийн Хөгжлийн банкнаас эдийн засгийг сэргээх чиглэлд санхүүгийн дэмжлэгийг үе шаттай олгохоо мэдэгдсэн. Мөн Монгол Улсын Засгийн газраас “ХӨСҮТ-2”-ийг байгуулахаар төлөвлөж байна. Үүнд ч Азийн Хөгжлийн банк хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн юм.


​Монгол Улсын Шадар сайд Азийн Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд анхаарч, хэрэгжилтийг үр дүнтэй болгох чиглэлд анхаарч, цаашид хамтран ажиллахаа илэрхийлээд, Азийн Хөгжлийн банкны 2021-2024 оны шинэ түншлэлийн хөтөлбөрт хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэмдэглэв.

Холбоотой мэдээ