“Аврагч” багийн волейболчид тэргүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭМонголын Бүх ард түмний спортын XIV их наадмын волейболын тэмцээнд эмэгтэй 17 баг өрсөлдсөнөөс “”Аврагч” спорт хорооны баг тамирчид түрүүлж, “Эрчим” баг мөнгөн медаль хүртлээ.
Энэ удаагийн их наадамд “Монти” баг “Аврагч” спорт хорооны нэрийн өмнөөс оролцож шигшээ тоглолтод Эрчим багийг 3:1-ээр хожин, их наадмын анхны түрүүг хүртлээ. Тус тэмцээний хүрэл медалийг “Хилчин” спорт хүртсэн юм. Дөрвөн жилд нэг удаа болдог Монголын Бүх ард түмний спортын их наадмын эрэгтэй, эмэгтэй багийн алтан медаль 1.5 сая, мөнгөн медаль 1.0 сая, хүрэл медаль 500 мянган төгрөгийн мөнгөн шагналтай. Энэ удаагийн их наадмын нэг онцлог нь багийн спортыг дэмжих зорилгоор медаль хүртсэн багийн тамирчин тус бүрт мөнгөн урамшууллыг олгохоор болсон.
Тэмцээний шилдгүүдийг шалгаруулахад, “Шилдэг давуулагч”-аар ОУХМ Хэрлэн /"Хилчин" спорт хороо/, “Шилдэг хаагч”-аар Спортын мастер А.Наранчимэг /”Алтайн барс” спорт хороо/, “Шилдэг хамгаалагч”-аар Д.Сосорбурам /”Эрчим” клуб/, “Шилдэг довтлогч”-оор Г.Хонгорзул /”Аврагч” спорт хороо/, “Шилдэг холбогч”-оор А.Уранчимэг /”Эрчим” спорт хороо/, “Шилдэг тэгш тоглогч”-оор ОУХМ Л.Нарантуяа /”Хилчин” спорт хороо/, “Шилдэг дасгалжуулагч”-аар ОУХМ Б.Хэрлэн /”Аврагч” спорт хороо / тус тус тодорлоо.
Д.Өлзий