Хурд хэтрүүлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-08-05 09:02:36

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас "Яараад яахав дээ" аяны хүрээнд хурд хэтрүүлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Тухайлбал өмнө нь олон удаа онхолдох хэлбэрээр зам тээврийн осол бүртгэгдсэн аюултай цэгүүд, эргэлт, тойруу ихтэй тахир болон огцом эргэлт бүхий байршлуудад зөөврийн хурд хэмжигчээр хяналт шалгалтыг явуулсан байна. Энэхүү хурд хэтрүүлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг долоо хоногт гурван удаа явуулж байгаа аж. Иймээс жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа. Мөн тус Цагдаагийн газраас зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хот хоорондын зорчигч тээврийн автобусны хойд хэсэгт "Яараад яахав дээ", "Яарсан хором бүр эрсдэл дагуулна" гэсэн бичиглэл бүхий стикер наалтыг наасан байна. Энэхүү үйл ажиллагааг хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг "Зэлтэрийн зам" ХХК-тай хамтран хэрэгжүүлжээ. 

Холбоотой мэдээ