“Disney” кинонуудынхаа нээлтийг хойшлууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2020-07-24 12:19:03

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын “Walt Disney” компани коронавирусний цар тахал кинотеатруудын үйл ажиллагаанд нөлөөлж байгаатай холбоотойгоор нэртэй гурван киноныхоо нээлтийг хойшлуулжээ.


“Аватар”, “Оддын дайн” киноны шинэ ангиуд нэг жилээр хойшилсон бол “Мулан” кино нээлтээ хийх кинонуудын хуваариас хасагдсан байна. “Мулан” киноны нээлтийг олон орны кинотеатрууд хаагдсаны улмаас наймдугаар сарын сүүл хүртэл хойшлуулаад байсан юм.


АНУ-д халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаагаас гадна “COVID-19” дэлхий дахины кино салбарт нөлөөлж байгаагийн улмаас “Walt Disney” кинонуудынхаа нээлтийг ийнхүү хойшлуулахад хүрсэн байна.


Walt Disney” компани “Мулан” кино энэ зуны сүүлчээр ихээхэн амжилт үзүүлнэ хэмээн найдаж байжээ. Тус компанийн шийдвэрийн дагуу “Аватар”-ын шинэ анги 2022 оны 12 дугаар сараас, “Оддын дайн”-ы дараагийн анги 2023 оны 12 дугаар сараас үзэгчдийн хүртээл болох ажээ.


Англи дахь кинотеатрууд энэ сарын 4-нөөс зайнаас харилцах дүрмийг баримтлах шаардлагатайгаар нээгдсэн бол Хойд Америкийн кинотеатруудыг хэзээнээс нээх нь тодорхойгүй байна.


АНУ-ын кино салбарын хамгийн том зах зээл болох Нью-Йорк, Лос-Анжелес хотын хувьд кинотеатруудыг нээх талаар ямар нэгэн төлөвлөгөөг одоогийн байдлаар боловсруулаагүй байгаа ажээ.


Харин дэлхийн кино салбарын хоёр дахь том зах зээлд тооцогддог БНХАУ зургаан сарын турш хаагаад байсан кинотеатруудаа энэ долоо хоногоос нээж эхэлсэн байна. 

Холбоотой мэдээ