Д.Трамп Бүгд найрамдах намын хурлыг цуцалжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-07-24 09:21:12

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сард Флорида муж улсын Жексонвилл хотноо зохион байгуулахаар товлоод байсан Бүгд найрамдах намын хурлыг цуцалжээ.


"Флорида муж улсад коронавирусний халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж байгаа тул томоохон хурал зохион байгуулахад тохиромжгүй юм" гэж Д.Трамп пүрэв гарагт Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлсэн байна.


“Би Америкийн ард түмнийг хамгаалах ёстой. Би тэднийг ямагт хамгаалсаар ирсэн. Цаашид ч хамгаалах болно” гэж тэрбээр хэлжээ.


Харин ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас Д.Трампыг албан ёсоор нэр дэвшүүлэх үйл ажиллагаа Умард Каролина муж улсын Шарлотт хотноо болох бөгөөд үүнд 330 орчим гишүүн оролцох ажээ.


АНУ-д пүрэв гаргийн байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо дөрвөн саяд хүрч, 144 мянган хүн халдвараар нас баржээ. Тус улс нь эдгээр үзүүлэлтээрээ дэлхийн улс орнуудаас нэгдүгээрт бичигдэж байгаа юм. 

Холбоотой мэдээ