Сэлэнгэ аймгийн суурин хүн амын тоо 107.7 мянгад хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-07-23 17:22:42

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын Сэлэнгэ аймгийн нэгдсэн дүн хэвлэгдэн гарчээ. Тооллогын дүнгээр тус аймгийн суурин хүн амын тоо 2010 оны тооллогоос 10.4 хувиар буюу 10171 хүнээр өсөж 107.7 мянгад хүрчээ.

Нийт хүн амд насны бүлэг тус бүрийн хүн амын эзлэх хувь 2020 онд 0-14 насны хүүхэд 30.4 хувь, хөдөлмөрийн насны 15-64 насны хүн 65.2, 65 ба түүнээс дээш тэтгэврийн насны хүн 4.4 хувийг эзлэх болсон байна.

Аймгийн хэмжээнд 29.0 мянган өрх тоологдсоноос 60.0 хувь нь ам бүлээрээ байгаа аж. Харин 25.3 хувь нь нийлмэл ам бүлтэй. Ганц бие 13.4 хувь, 1.3 хувь нь холимог ам бүлтэй өрх байгаа аж. Мөн аймгийн хэмжээнд 4416 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нь нийт суурин хүн амын 4.1 хувийг эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 55.6 хувь нь эрэгтэй, 44.4 хувь нь эмэгтэйчүүд байгаа гэнэ. Аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2020 онд 5.2 хувь болж, өмнөх тооллогын үеийнхээс 5.9 пунктээр буурчээ. Эдгээр ажилгүй иргэдийн дотор 25-39 насны 1079 залуучууд байгаа нь хамгийн их буюу нийт ажилгүй хүний 51.8 хувийг эзэлж байгаа тухай аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.

Гадаадад тоологдсон иргэдийн тоо өсжээ

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын дүнгээр Сэлэнгэ аймгийн 2553 иргэн гадаадад оршин суугаа хэмээн бүртгэгджээ.

Гадаадад оршин суугаа иргэдийн тоо 2010 оноос 43.4 хувиар өсжээ. Гадаадад тоологдсон иргэдийн 65.3 хувь нь Ази, Номхон далайн бүс нутагт, 28.6 хувь нь Европ тивд суугаагаар тоологдсон байна. 

Сонирхуулахад хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын товыг УИХ-ын тогтоолоор “2020 оны 1 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнийн Улаанбаатарын 00 /тэг тэг/ цагаар” тогтоосон байна. Ингээд тоолох ажиллагааг хуульд заасны дагуу 7 хоногийн хугацаанд буюу 1 дүгээр сарын 9-15-ны өдрийн 22 цаг хүртэл хугацаанд тооллогын мэдээллийг цуглуулсан тухай Статистикийн хэлтсээс нэмж дуулгалаа. 

Холбоотой мэдээ