АНУ Техас дахь Консулын газраа хаахыг БНХАУ-д үүрэг болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-07-22 22:50:31

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Засгийн газар Техас муж улсын Хьюстон хот дахь Консулын газраа хаахыг БНХАУ-д үүрэг болгожээ.


Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Морган Ортагусын танилцуулсан мэдэгдэлд дурдсанаар, "Америкийн оюуны өмч, америкчуудын хувийн мэдээллийг хамгаалахын тулд" Консулын газрыг хаахыг үүрэг болгосон ажээ.


АНУ “БНХАУ бидний бүрэн эрхийг зөрчиж, ард иргэдийг маань айлган сүрдүүлж байгааг тэдний худалдааны шударга бус дүрэм журам, Америк дахь ажлын байрны хулгай болон бусад буруу үйлдлийнх нь нэгэн адил тэвчихгүй” гэж М.Ортагус мэдээлсэн байна. БНХАУ Консулын газраа баасан гараг гэхэд хаасан байх ёстой ажээ.


БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь Бээжин хотноо сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Хьюстон дахь Консулын газрыг хаахыг үүрэг болгосон нь хоёр талын хурцадмал байдлыг улам даамжрууллаа хэмээгээд, АНУ-ыг Хятадын дипломатчид, консулын ажилтнуудад шахалт үзүүлж, Хятадын оюутнуудыг айлган сүрдүүлж, байцааж, тэдний хувийн электрон төхөөрөмжүүдийг хурааж, бүр баривчлан саатуулж байна гэж буруутгажээ. Мөн Трампын засаг захиргаа хандлагаа өөрчлөхгүй бол Хятад улс хариу барих болно гэдгийг анхааруулсан байна.


Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны харилцаа сүүлийн саруудад худалдаа, технологи, Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хууль зэрэг олон асуудлын улмаас хурцадсаар байгаа юм. Түүнчлэн АНУ мягмар гарагт Хятадын хоёр иргэнийг дэлхий даяарх олон зуун аж ахуй нэгжийг хакердсан хэмээн буруутгасан бөгөөд тэдгээрийн дунд “COVID-19”-ийн вакцин, эмчилгээг гарган авахаар ажиллаж буй АНУ-ын биотехнологийн компаниуд багтсан байжээ. 

Холбоотой мэдээ