Дундговийн Есөн гайхамшгийн нэг-Өөш манхан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-07-21 18:37:38
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Есөн гайхамшгийн гурав нь Өлзийт сумын нутагт байдаг. Дэл уул, Цагаан суварга, мөн Өөш манхан. Тухайлбал Өөш манхны дэргэдэх сувилал нэг ээлждээ 80-100 хүн хүлээн авах хүчин чадалтай аж.

Чандмалсан энэ гурван гайхамшиг их говийн үзэсгэлэн хийгээд эх орны төдийгүй дэлхийн хүний хөгжлийн түүх, өв соёл, байгалийн өвөрмөц тогтоц, эмчилгээний ид шидээрээ гайхуулдаг ажээ.

Өөш манхан бол эмчилгээний ид шидтэй элсэн манхан. Монгол Улсын Ерөнхий сайд асан Жанлавын Наранцацралт амьд ахуйдаа “Өөш манхан бол эмчилгээний ид шидтэй элсэн банн юм. Ийм элс дэлхийд хоёрхон байдаг. Нэг нь Австралид бий” хэмээн бахархан ярьж байсныг нэг бус удаа сонссон юм. 

Тиймээс ч Ж.Наранцацралт асан эмчилгээний энэ ид шидтэй элсээр хүн зоныг эрүүлжүүлэхийн тулд тэнд сувилал байгуулах ажлыг эхлүүлж байсан байх.

Оюутан байхад хангайгаас ирсэн зарим хүүхдүүд говь нутгийг үзээгүй, дан элс байдаг байх гэсэн төсөөлөлтэй байдаг байж билээ. Харин говийн хүүхдүүд бид тийм их элсийг хүүхэд ахуйдаа хараагүй бөгөөд насанд хүрсэн хойноо л Өөш манхныг тольдож, элсний гайхамшгийг мэдэрч байсан.

Говь нутгийн тэр их салхинд Өөш манхны элс хийсээд багасдаг юм болов уу гэж бодоход хийссэн элсээ энэ манхан буцаагаад татчихдаг онцлогтой.

Цэлийн дуниартсан явган загтай, тэмээ малын орон болсон их говьтой энэ манхны элс бөөр, үе мөчний өвчнийг эмчлэх увдистай гэдэг.

Өөш манхан Улаанбаатараас 420, Дундговь аймгийн төвөөс 150 км-т оршдог. Өөш манхны элс баруунаас зүүн тийш таван км урт сунаж тогтсон байрлалтай бөгөөд түүний элс нь нарны энергийг ихээр шингээдэг маш нарийн ширхэгтэй, эрдэс баялгийн олон бодистой ажээ. Түүнийг хэлнийхээ хонхорт тавихаар хайлчихдаг онцлогтой.

Энэхүү элсний ”ид шид”-ийг 1978 онд анх нээсэн байна. 1986 онд бөөрний бүх төрлийн архаг болон олдмол өвчин эмгэг, бөөрний дутагдлын хам шинж, эмэгтэйчүүдийн өвчин, хүүхдийн сульдаа буюу рахитыг эмчлэх зорилгоор сувилал нээн ажиллуулжээ.

Энд ирсэн зочид элсэн манхан үзэж, халуун эсний сувилалд амарч, эрүүлжихээс гадна Загийн усны хоолойд зочилж олон жилийн настай Заган төглийг харж, хармаг жимсийг амтлах боломжтой аж.

Хөлийн аясаар урсан нурах элсэн уулын оройд мацан гарвал оройн ирмэг хутганы ир шиг агаад хялгана ч үл хөдлөх салхигүй атал шар торгон мяндас хийсэх адил торгон элс намиатан байдаг. Элсэн уулын оройгоос загийн шугуй бүхий Өөш, Номгоны их говь, Загийн усны хоолой алсран цэлийж харагддаг.

Өөш манхны сувилал нэг ээлждээ 80-100 хүн хүлээн авах хүчин чадалтай. Нарийн мэргэжлийн эмч нар ажилладаг аж. 1986-2015 оны хооронд нийт 10000 гаруй хүнийг эмчлэн сувилсан байна. 

 

 

Холбоотой мэдээ