Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Говьсүмбэр аймагт ажиллалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nandintsetseg@montsame.gov.mn
2020-07-21 15:09:11
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тус яамны удирдлагууд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол улс дахь Суурин төлөөлөгч, УНТЭ, УХТЭ, ХСҮТ-ийн удирдлагуудын хамт Говьсүмбэр аймгийн ажилтай танилцлаа.


Говьсүмбэр Аймгийн нэгдсэн эмнэлэг болон сумын эрүүл мэндийн хоёр төв харьяаллын 17 мянга гаруй иргэдэд үзүүлэхээс гадна зэргэлдээх аймгуудын болон явуулын хөдөлгөөнт хүн амд эрүүл мэндийн анхан болон хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг байна.


Аймгийн удирдлагууд болон эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд өөрийн аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал болон тулгамдаж байгаа асуудлуудыг Эрүүл мэндийн сайдад дэлгэрэнгүй танилцуулж зарим асуудлыг тодорхой болгож шийдвэрлүүлжээ.


Тухайлбал, аймгийн хүн амын дунд зонхилон тохиолдох өвчлөл болон нас баралтыг бууруулах чиглэлээр үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөө боловсруулж, түүнийг ажил хэрэг болгоход яамны түвшинд болон төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгүүд мэргэжил арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэхийг Эрүүл мэндийн сайд холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл болгов.  Мөн ДЭМБ-ын зүгээс дээрх төлөвлөгөөг дэмжин ажиллахаа илэрхийлэв.


Тус аймагт барьж буй аймгийн нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын гүйцэтгэл 70 хувьтай байгаа бөгөөд барилгыг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах, барилгын гүйцэтгэлийн чанарт онцгой анхаарч, гүйцэтгэгч компанитай сайн хамтран ажиллахыг салбарын сайд үүрэг болгосон юм. Түүнчлэн эмнэлэг 10 сард ашиглалтад ороход ажлын байранд сургалт хийж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ хурдацтай чадавхижуулахыг ч сануулав.


Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээнд цахим мэдээллийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх, төрийн мэдээллийн сүлжээтэй холбохыг аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлагуудад үүрэг болгов. Эмнэлгийн мэргэжилтний харьцаа, ёс зүйд онцгой анхаарч, түүнийг эмнэлгийн мэргэжилтний урамшууллын тогтолцоотой уялдуулах шаардлагатай гэдгийг онцлов. Эрүүл мэндийн салбарын удирдлагуудад хандаж хамгийн түрүүнд хөрөнгө мөнгө шаардахгүй хийж болох ажлаа аймагтаа сайн хийх хэрэгтэйг хэлж байсан юм.

Холбоотой мэдээ