ЕХ-ны удирдагчид эдийн засгаа сэргээх төлөвлөгөөний талаар тохиролцож чадаагүй байна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-07-20 09:18:37

БРЮССЕЛЬ. /BBC/. Европын Холбооны /ЕХ/ удирдагчид коронавирусний халдвараас үүдэлтэй хямралын дараа эдийн засгаа сэргээх томоохон төлөвлөгөөний талаар Бельгийн нийслэл Брюссель хотноо гурав дахь өдрөө хэлэлцэж байна.


Зарим гишүүн орон 750 тэрбум еврогийн /857 тэрбум ам.доллар/ багцыг хэтэрхий их байна гэж үзэж байгаа бөгөөд зарим хэсгийг нь тэтгэмжийн хувиар бус зээлийн шугамаар олгох ёстой гэж үзэж байгаа ажээ.


Австрийн төлөөлөгч хэлэлцээ сайнаар өрнөж байна гэж үзсэн хэвээр байгаа бол Унгарын Ерөнхий сайдын хувьд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Германы Канцлер Ангела Меркель, ням гарагт багтаан тохиролцоонд хүрч чадахгүй байж магадгүй гэж хэлжээ.


Ням гаргийн оройны байдлаар мухардмал байдал үргэлжилсээр байгаатай холбогдуулан Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель дэлхий даяар 600 мянган хүн халдвараар нас барсныг удирдагчдад сануулаад, “биелэгдэшгүй даалгаврыг маргаашийн дотор гүйцэлдүүлнэ” гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.


ЕХ-ны удирдагчдын гурав дахь өдрийн хэлэлцээ дэлхий даяар өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо хамгийн олноор нэмэгдсэнээс нэг хоногийн дараа болсон юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ бямба гарагт мэдээлснээр, халдварын тохиолдлын тоо сүүлийн 24 цагийн хугацаанд 260 орчим мянгаар нэмэгдсэн байна.


Энэ нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд халдварын шинэ тохиолдлын тоо нэг хоногийн дотор анх удаа саяын дөрөвний нэгийг давжээ. ДЭМБ өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо хамгийн дээд үзүүлэлтэд хүрсэн талаар ганцхан өдрийн өмнө мэдээлээд байсан юм.


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, дэлхий даяар 14 сая гаруй хүн халдвар авч, 600 мянга гаруй хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ