Х.Рухани: Иранд 30-35 сая хүн халдвар авч болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-07-19 14:18:08

ТЕХРАН. /ISNA/. Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани амны хаалт зүүх, зайнаас харилцах, олноор цугларахаас зайлсхийх нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, коронавирустэй тэмцэх үйл хэрэгт ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн мэдэгдээд, бид энэ тэмцэлд ялах нь гарцаагүй юм гэж онцлон хэлжээ.


Х.Рухани бямба гарагт Коронавирустэй тэмцэх үндэсний ажлын хэсгийн уулзалтын үеэр ийнхүү мэдэгджээ. Иранд ойрын саруудад 30-35 сая хүн халдвар авч болзошгүй хэмээн Эрүүл мэндийн яам тооцоолсныг тэрбээр дурдаад, халдварын гинжин хэлхээг таслахын тулд хүн бүхэн эрүүл мэндийн зөвлөмжүүдийг чанд баримтлах хэрэгтэй гэж хэлсэн байна.


Эрүүл мэндийн яамны тайланд дурдсанаар, халдвар авсан мянган хүн тутмын 500-д халдварын шинж тэмдэг илрэхгүй байгаа тул бусдад халдвар тараах эрсдэл маш өндөр байгаа ажээ. Иранд 271 мянга гаруй хүн халдвар авснаас 223 мянга гаруй хүн эдгэрч, 13979 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам бямба гарагт мэдээлжээ. 

Холбоотой мэдээ