Хятадын цахим хуудсанд Их Британийн сэтгүүлчдийг буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-13 14:15:42

БЭЭЖИН. /VOA/. Их Британийн хатан хаан Элизабет БНХАУ-ын албаны хүмүүсийг “бүдүүлэг” хэмээн хэлснийг Их Британийн сэтгүүлчид олон нийтэд дэлгэсэнд дургүйцэж байгаагаа Хятадын төрийн мэдлийн мэдээллийн байгууллага илэрхийлээд, тэдгээр сэтгүүлчдийг “өөрсдөө жинхэнэ бүдүүлэг хүмүүс” гэжээ.

БНХАУ-ын Коммунист намын өдөр тутмын сонины харьяа “Global Times” цахим хуудсанд, Их Британийн албаны хүмүүс санаатайгаар дүрс бичлэгийг дэлгэсэн нь "ойлгомжгүй, үнэхээр болчимгүй, бүдүүлэг алхам байсан" гэж бичжээ.

Мөн Их Британийн хэвлэл мэдээллийнхэн хэм хэмжээнээс хальсан нийтлэлийг олон нийтэд түгээсэн гэж буруушаагаад, тэднийг “бардам овлигогүй хүмүүс" гэж дүгнэжээ.

Өнөө үед Өрнөдийн орнууд гайхалтай соёл иргэншлийг бий болгосон боловч тэдгээр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд “хов жив хутгагчид”-аар дүүрч, “бүдүүлэг” аашилж байна гэж нийтлэлд шүүмжилсэн байна.

Хатан хаан Элизабет өнгөрсөн мягмар гарагт Букингемийн ордонд 90 насныхаа ойг тэмдэглэж байх үеэрээ Их Британийн цагдаагийн албан хаагчтай яриа өрнүүлж байсныг ордны зураглаач камертаа буулган авчээ.

Уг дүрс бичлэгт, Их Британийн цагдаагийн ахлах тушаалтан Люси Д'Орси хатан хаанд хандан, 10 дугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпиний хийсэн төрийн айлчлалыг зохион байгуулах нь “тест сорил өгч байгаа мэт хэцүү байсан" гэж хэлсэнд хатан хаан хариуд нь “тэд Элчин сайдтай маш бүдүүлэг харьцаж байсан” гэж хэлснийхээ дараа “арай дэндүү” гэж нэмж тодотгожээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ