Фавпиравир эмийн амбулаторийн туршилтыг эхлүүлжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-07-17 12:31:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Стэнфордын их сургуулийн судлаачид коронавирусний эсрэг Фавпиравир эмийн амбулаторийн туршилтыг эхлүүлжээ.


Энэ талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа тус яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ уг эмийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдэд бус халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр дөнгөж батлагдсан хүмүүс дээр амбулаторийн хэлбэрээр туршиж байгаа гэдгээрээ онцлогтой хэмээв.


Энэ сарын 6-нд эхлүүлсэн уг туршилтад нийт 120 хүнийг хамруулж байгаа бөгөөд эмийг халдварын хөнгөн балархай үед хэрэглүүлснээр вирусний үржлийг зогсоож, эмнэл зүйн шинж тэмдгүүдийг богино хугацаанд арилгаж чадах эсэхийг тодорхойлох аж. 


ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа, “Иймд халдвар авсан хүмүүст 72 цагийн дотор уулгаж эхлүүлэн, 10 өдрийн курс эмчилгээ хийж, судалгаанд хамрагдсан хүмүүсийн эрүүл мэндийг нийт 28 хоног хянаж судална” гэлээ.


Мөн тэрбээр, БНХАУ-ийн төрийн мэдлийн Синофарм группийн хөгжүүлж буй идэвхигүйжүүлсэн вакцины эмнэл зүйн гуравдугаар туршилтад Арабын нэгдсэн Эмират улсын 15 мянга гаруй хүн сайн дурын үндсэн дээр хамрагдаж байгааг дурдлаа.


С.Туул

Холбоотой мэдээ