Японы баруун нутагт 20 жил ороогүй хүчтэй аадар бороо оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2020-07-17 11:42:20

ТОКИО. /NHK/. Японы баруун нутагт энэ сарын эхээр 20 жил ороогүй хүчтэй аадар бороо орсныг тус улсын Сансар судлалын агентлагийн цаг уурын хиймэл дагуулын мэдээлэл харуулжээ.


Сансар судлалын агентлагийн мэдээлснээр, долоодугаар сарын эхний долоо хоногт Кюшү аралд болон Чүгокү бүс, Шикокү арлын зарим хэсэгт унасан хур тунадасны хэмжээ нь сүүлийн 20 жилийн хугацаанд жилийн энэ үед бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн ажээ. 


Японы Цаг уурын агентлагийн цуглуулсан мэдээлэл ч мөн дээрх судалгааг баталжээ. Тус агентлагийн орон даяар байрлуулсан 964 хяналтын цэгт долоодугаар сарын эхний 10 хоногт 208308 миллиметр хур тунадас унасан бөгөөд энэ нь уг үзүүлэлтийг бүртгэж эхэлсэн 1982 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Түүнчлэн тухайн хугацаанд цагт 50 миллиметр хур тунадас унасан тохиолдол 82 удаа бүртгэгдсэн нь мөн урьд байгаагүй үзүүлэлт болжээ.


Сансар судлалын агентлагийн судлаач Ямажи Моэкагийн мэдээлснээр, ажиглалтын мэдээлэл асар хүчтэй аадар бороо орсныг батлан харуулжээ. Мөн тэрбээр ойрын өдрүүдэд өмнөд нутгаар хүчтэй аадар бороо орж болзошгүй байгааг анхааруулсан байна. 

Холбоотой мэдээ