Эр зориг тэсвэр хатуужилд сургах уламжлалт уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 09:02:20

Завханд "Бид эх орны эзэд" сэдэвт өртөөчилсөн сургалт, уралдаан удахгүй эхэлнэ.

Энэхүү уралдааныг “Эх орон-36” хүүхэд хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах гэж байна. Энэхүү уралдаанд Улиастай хотын ЕБС-ийн 10 дугаар ангийн сурагч 17 бүлгийн 474 хүүхэд оролцохоор болжээ. Уралдааныг аймгийн ЗДТГ, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Цэргийн штаб, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 325-р анги хамтран зохион байгуулж байна. Уралдаан хоёр өдөр болох бөгөөд хүүхдүүд 17 баг болж тэсрэх бөмбөг өртөө, шидэт бөмбөг өртөө, хүмүүнлэгийн үйлс өртөө, гал унтраах өртөө, хорт бодисоос хамгаалах өртөө гэх зэргээр  15 өртөөгөөр аялж даалгавар гүйцэтгэн уралдах ажээ.

Сонирхуулахад эх оронч үзлийг бий болгох, эр зориг тэсвэр хатуужилд сургах, хүүхдийн оролцоог дэмжих, багаар ажиллах арга зүйд сургах, бүтээлч иргэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх зорилготой “Эх орон-36” хүүхэд хөгжлийн үндэсний хөтөлбөрт хоёр жилийн хугацаанд нийт 818 хүүхэд хамрагдсан бөгөөд сургалтын төгсгөлд тэднээс сэтгэл ханамжийн судалгааг авч байжээ.

Уг хөтөлбөрийн арга зүй, чанар хүртээмж агуулга нь хүүхэд бүрт “нийцтэй” гэсэн эерэг хариултаар илэрч байсан тул хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон хэрэгжүүлэх илүү олон хүүхэд хамруулан зохион байгуулах нийгмийн эрэлт хэрэгцээ зайлшгүй байгааг зохион байгуулагчид мэдээллээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ