АНУ-ын тусгай элч БНАСАУ-тай яриа хэлэлцээгээ сэргээх арга замыг хэлэлцжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-07-09 14:19:50

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай элч Стивен Бигун, БНСУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны үндэсний аюулгүй байдлын газрын дарга Со Хун нар Сөүлд пүрэв гарагт уулзахдаа Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах, БНАСАУ-тай яриа хэлэлцээгээ сэргээх арга замуудыг хэлэлцлээ.


БНСУ-ын Засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр, уулзалтын үеэр Бигун, Со Хун нар Умард Солонгостой холбоотой янз бүрийн сэдвүүд, тэр дундаа Сөүл, Пёньяны хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцсэн байна.


Солонгос хоорондын хамтын ажиллагаа нь бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх чухал хүчин зүйл учраас АНУ дэмжиж байгаа гэж Америкийн тусгай төлөөлөгч нэг өдрийн өмнө мэдэгджээ. Тэрбээр Вашингтон “БНСУ-ын Засгийн газрыг бүх талаар дэмжихэд бэлэн байгааг” онцлон дурдсан байна.


АНУ-ын тусгай төлөөлөгч мөн тус улс БНАСАУ-тай "ямар ч үед" яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байгааг" цохон тэмдэглэжээ. Бигуний хэлснээр, АНУ бүс нутагт бат бөх энх тайван тогтоох үйлсэд “бүх талаар оролцсон” хэвээр байх аж. Үүнээс гадна, Вашингтон БНСУ-ыг гадны аливаа аюул заналаас урьдын адил хамгаална гэдгийг нотолжээ.  


АНУ-ын тусгай элч гурван өдрийн айлчлал хийхээр мягмар гарагт БНСУ-д хүрэлцэн очжээ. Тэрбээр айлчлалынхаа үеэр БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва, түүний орлогч Чо Со Ён нартай, мөн БНАСАУ-ын асуудал хариуцсан БНСУ-ын тусгай элч Ли До Хунтай хэлэлцээ хийсэн байна.


Холбоотой мэдээ