Т.Доржханд: Намрын чуулганаар таван чиглэлийн шинэчлэл төлөвлөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-09 11:39:48
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Т.Доржханд УИХ-ын намрын чуулганаар өргөн барихаар боловсруулж буй хууль, тогтоолын төслийнхөө талаар танилцууллаа. 


УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд "Зөв хүн электорат" эвсэлээс УИХ-д нэг суудал авсан ч миний ард олон мэргэжлийн эдийн засагч, хуульч, инженер байгаа хэмээн Т.Доржханд гишүүн мэдээллийнхээ эхэнд онцоллоо. Тэрбээр, "Намрын чуулганаар,  таван чиглэлээр шинэчлэл хийх хууль, тогтоолын төсөл өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Мэргэжлийн залуус нэгдэж шинэчлэлийн ажлыг манлайлна гэсэн байр суурьтай байна. Өчигдөр УИХ-ын холбогдох байнгын хороодод саналаа хүргүүлсэн. Нэгдүгээрт, тэтгэврийн шинэчлэлийг эхлүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд, Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төсөл өргөн барина. Хоёрдугаарт, Санхүүгийн зах зээлийн шинэчлэлийг эхлүүлнэ. Тодруулбал, Санхүүгийн салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх тухай тогтоолын төсөл, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина. Мөн Даатгалын тухайх уульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг өргөн барьж УИХ-аар хэлэлцүүлнэ. Гуравдугаарт, боловсролын шинэчлэлийг эхлүүлэх ажлын хүрээнд Багшийн тухай хуулийг өргөн мэдүүлнэ. Дөрөвдүгээрт, Улс төрийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлэх ажлын хүрээнд, УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулж чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Тавдугаарт, хот байгуулалтын шинэчлэлийг эхлүүлэх ажлын хүрээнд Хот байгууллатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина" хэмээв. 

Холбоотой мэдээ