Ерөнхий сайд танхимын гишүүдээ томилох захирамжид гарын үсэг зурлаа

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-08 15:29:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр томилж буй Засгийн газрын гишүүдийнхээ захирамжид гарын үсэг зурж гардуулах ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Есөн хөлт цагаан тугт танхимд өнөөдөр боллоо.


УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилж чөлөөлөхийг хуульчилсан. Үндсэн хуулийн дагуу анх удаа Ерөнхий сайд танхимын сайд нарынхаа захирамжид гардуулах түүхэн үйл явдал болж байна. 



Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга, яамдын асуудал эрхэлсэн сайд зэрэг 17 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм. Тэрбээр захирамж гардуулах үеэрээ, "Цар тахлын эрсдэлтэй цаг үед Засгийн газрын бүрэлдэхүүнээ яаралтай баталж албан ёсоор ажилдаа орлоо. Засгийн газрын шинэ гишүүдийнхээ ажилд нь өндөр ажилт хүсэж, гэр бүлд нь аз жаргал сайн сайхын хүсэн ерөөе.



Шинэ Засгийн газарт хийх ёстой олон ажил бий. Эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэх ёстой, нийгэмд шударга ёсыг бэхжүүлж, төрийн албаны хүнд суртлыг арилгах, цар тахлын үеийг нийгэм эдийн засагтаа  хохирол багатай даван туулах, эхлүүлсэн бүтээн байгуулалтаа дуусгаж ард түмний амьдралд үр дүн авчрах том ажил байгаа. Ард түмэн Засгийн газартаа итгэл хүлээлгэснийг эерэгээр хүлээн авлаа. Мэргэжлийн Засгийн газар бүрдлээ гэж ярьж, хэлж байгааг анзаарсан. Одоо бид хуулийн хүрээнд ажиллаж, энэ их итгэлийг нь зүтгэлээр хариулах ёстой. Шинэ 30 жилийн хөгжлийн бодлогыг эхлүүлсэн, ажил хийж үр бүтээл гаргасан хариуцлагатай сайд нар байх ёстой" хэмээгээд шинэ сайд нарт дахин баяр хүргэлээ. 


Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээр сонгогдсон Х.Нямбаатарыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар, Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар улираан томилсон. Мөн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар улирааж Д.Сарангэрэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилсон юм. 


Шадар сайдаар УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар, Батлан хамгаалахын сайдаар бригадын генерал Г.Сайханбаяр, Зам тээвэр, хөгжлийн сайдаар тус яамны дэд сайд Л.Халтарыг томиллоо. Түүнчлэн, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар тус яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнг, ХХААХҮ-ийн сайдаар ТӨБЗГ-ын дарга З.Мэндсайханг томилов. 


Гадаад харилцааны сайдаар УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван, Эрүүл мэндийн сайдаар тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Т.Мөнхсайхан, Эрчим хүчний сайдаар Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирал Н.Тавинбэхийг томилсон. Үүнээс гадна Барилга хот байгуулалтын сайдаар тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар, Соёлын сайдаар ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар "Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Г.Ёндон, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа нарыг томилжээ.

Холбоотой мэдээ