Колумбид хөл хориог сунгажээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-07-08 11:55:40

БОГОТА. /Reuters/. Колумбид коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд орон даяар тогтоосон хөл хориог ирэх наймдугаар сарын 1 хүртэл сунгалаа гэж тус улсын Ерөнхийлөгч Иван Дуке мягмар гарагт мэдэгджээ.


Колумбид өнөөдрийн байдлаар халдварын 124400 гаруй тохиолдол бүртгэгдэж, 4359 хүн нас баржээ. Тус улсад хөл хориог өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр тогтоосон бөгөөд энэ сарын 15-нд дуусах байсан юм.


Зарим хотод халдварын тохиолдол, нас баралтын түвшин огцом нэмэгдэж байгааг харгалзан үзсэний дүнд хөл хориог сунгахаар боллоо гэж И.Дуке мягмар гаргийн орой телевизээр үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна.


Хөл хорио үргэлжлэх хэдий ч халдвар тархаагүй, халдварын түвшин бага байгаа хотуудын зоогийн газар, театр, бялдаржуулах төвүүдийг амны хаалт зүүх, зайнаас харилцах дүрмийг баримтлах шаардлагатайгаар нээхийг зөвшөөрөх ажээ.


Халдварын тархалтыг сааруулахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, нефтийн үнийн уналт нь Латин Америкийн дөрөв дэх том эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлжээ. Нефть нь Колумбийн гол экспортын нэгээс гадна гадаад валютын эх үүсвэр юм.


Засгийн газар энэ онд эдийн засгаа 5.5 хувиар агшина хэмээн таамаглаж байна. Колумби хөл хорионы үед ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, аж ахуй нэгжүүд хаагдсантай холбогдуулан 2020, 2021 онд төсвийн алдагдлын хязгаарыг түр хойшлуулж, олон тэрбумын бонд гаргажээ. 

Холбоотой мэдээ