Монгол, Хятадын эрх баригч намуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг уриаллаа

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-07-04 17:47:03

БЭЭЖИН. /Global Times/. Хятад-Монголын иж бүрэн стратегийн түншлэлийг улам хөгжүүлж, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахын тулд Коммунист нам Монгол ардын намтай бүх түвшинд, бүх салбарт харилцан солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байна гэж БНХАУ-ын дарга Ши Жинпинь баасан гарагт мэдэгджээ. 


Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жинпинь эрх баригч Монгол ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээсэн зурвасдаа ийнхүү тэмдэглэсэн байна.


Хятад, Монгол нь уул, усаар холбогдсон найрсаг хөрш орнууд гэдгийг Ши Жинпинь дурдаад, “COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш хоёр тал коронавирусний халдварын эсрэг нягт хамтран ажилласан нь хүнд хэцүүг хамтран даван туулж, бие биедээ туслах найрсаг харилцаатайг нотлон харууллаа гэж нэмж хэлжээ.


Мөн У.Хүрэлсүхийг цар тахлын эсрэг дэлхий дахины тэмцэлд оруулж буй Хятадын хувь нэмрийг өндрөөр үнэлж буйг тэмдэглээд, Хятадын тал Монгол болон бусад оронтой цар тахлын эсрэг харилцан солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, эрүүл энх нийгмийг хамтран цогцлооход бэлэн байна гэж мэдэгдсэн байна.


БНХАУ-ын дарга Монгол ардын нам, Монгол Улсын Засгийн газар, Монголын нийгмийн бүх салбартай хамтын хүчин чармайлт гаргасны дүнд Монгол Улс цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах, эдийн засаг, нийгмийн хөгжлөө тогтвортой хадгалахад гайхалтай үр дүнд хүрч, саяхан парламентын сонгуулиа амжилттай явуулсанд баяртай байгаагаа мөн илэрхийлжээ.


Мөн тэрбээр У.Хүрэлсүх Коммунист нам үүсгэн байгуулагдсаны 99 жилийн ойгоор захидал явуулснаас хойш нэг их хугацаа өнгөрөөгүй байгааг дурдаад, уг явдал нь У.Хүрэлсүх болон Монгол ардын нам хоёр нам, хоёр орны харилцаанд өндөр ач холбогдол өгдгийг харуулсан гэж мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ