Д.Трамп олныг хамарсан өөр нэгэн арга хэмжээнд оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /CNN/.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп,
тэргүүн хатагтай Меланиа Трамп нар Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэхээр Өмнөд
Дакотa муж улсын Рашмор уулын үндэсний дурсгалын цогцолборт хүрэлцэн очжээ.
Дэлхий даяар цар тахал
дэгдсэн энэ үед болох арга хэмжээнд 7500 хүн оролцох төлөвтэй байна. АНУ-д
коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо өмнө нь бүртгэгдэж байгаагүй өндөр
хэмжээнд хүрээд байгааг үл харгалзан ёслолын буудлагын арга хэмжээний үеэр
зайнаас харилцах дүрмийг баримтлах шаардлагагүй ажээ.
“Бид санаа зовниж
байгаа хүмүүст гэртээ байхыг зөвлөсөн бөгөөд ирэх хүсэлтэй хүмүүс бидэнтэй
нэгдэх боломжтой. Бид амны хаалт зүүх хүсэлтэй хүмүүст үнэгүй тараана. Гэвч зайнаас
харилцах дүрмийг баримтлахгүй” гэж Өмнөд Дакота муж улсын захирагч Кристи Ноем
мэдээлжээ.
“Recreation.gov” цахим хуудсанд мэдээлснээр, тасалбар
авсан хүмүүсийг эрүүл мэндийн үзлэгт оруулж магадгүй ажээ. Долдугаар сарын
4-ний арга хэмжээг үзэж сонирхох 7500 тасалбарыг гаргасныг өмнөх жилүүдийнхтэй
харьцуулахад нэлээд цөөн бөгөөд ердийн үед 28-32 мянган хүн Рашмор ууланд ирдэг
байна.
Жонс Хопкинсийн
нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Өмнөд Дакота муж улсад халдварын тохиолдлын
тоо тогтвортой байгаа бөгөөд 6893 хүн халдвар авч, 97 хүн нас баржээ. Гэвч
баярын арга хэмжээнд бусад муж улсаас хэчнээн хүн ирэх нь тодорхойгүй байна. Одоогийн
байдлаар 36 муж улсад халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгдээд байгаа юм.